Чихрийн шижингийн үеийн эмчилгээний шинэ аргыг Монголд нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-16 14:45:18

Улаанбаатар МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, “Манай хоёр орны эрүүл мэндийн салбарын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын анагаах ухааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв

Энэ үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, БНКУ-ын “Генетикийн инженер, биотехнологийн төв” хооронд зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижингийн үеийн хөлний шархны эмчилгээ, хурц шамбарам өвчний эмчилгээ, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын захидалд гарын үсэг зурлаа.

“Генетикийн инженер, биотехнологийн төв” нь 1982 онд байгуулагдсан төрийн байгууллага бөгөөд эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй 857 нэр төрлийн бүтээгдэхүүний 67 хувийг тус төв дотооддоо үйлдвэрлэдэг нь эрүүл мэндийн салбарын тусгаар тогтнолыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа тухай тус төвийн ерөнхий захирал Эулогио Пиментел танилцуулав. Түүнчлэн хеберпрот гэдэг эм нь чихрийн шижингийн үеийн хөлний шархыг эмчилдэг, үр дүн өндөртэй, дэлхийд ганц байдаг бэлдмэл гэдгийг тэрээр цохон хэллээ гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ