Эрүүл мэндийг дэмжих санд архи, тамхины татвараас тодорхой хувь хүртээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийг дэмжих санд архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, тамхины онцгой татвараас тус бүр 2 хувийг нь оруулж байхаар болов.
Үүнээс гадна Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс, ОУБ-аас Засгийн газрын шугамаар олгосон зээлээс уг санг бүрдүүлэх юм.
Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг хэлэлцэн дэмжсэн юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийг дэмжих санг байгуулахаар заасан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар нэмэлт оруулсан юм.
Тус сан нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Эрүүл аюулгүй амьдралын орчин бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалахад зориулна. Мөн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх эмийн зохистой хэрэглээг дэмжихэд хөрөнгө оруулалт хийх юм.
Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг дахин сэргээсэн нь 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилээр зарласантай холбоотой гарсан чухал шийдвэр боллоо.
Д.Өлзий