Эрчим хүчний асуудлаар зөвлөмж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-17 11:27:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-нд Дорноговь аймгийн ИТХ-аас эрчим хүчний үйлчилгээний асуудлаар иргэдээс ирсэн хүсэлт, санал гомдлын дагуу “Цахилгаан эрчим хүч ба хэрэглэгч иргэд” хэлэлцүүлгийг Сайншанд сумын “Соёмбо” цогцолборын Иргэний танхимд зохион байгууллаа.

Мөн аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, “БНЗӨБЦТС” төрийн өмчит хувьцаат компанийн Дорноговь салбар хамтран зохион байгуулагчаар оролцов.

Хэлэлцүүлгээр цахилгаан эрчим хүчний одоо мөрдөгдөж байгаа үнэ тарифтай холбоотой асуудлууд болон эрчим хүчнийхээ  хэрэглээг хэрхэн хэмнэх, цахилгааны аюулгүй  байдлыг хэрхэн хангах зэрэг шаардлагатай мэдээллийг мэргэжлийн байгууллагын албаны хүмүүс иргэдэд өгсөн байна.

Харин иргэд тоолуурын баталгаажуулалтыг үнэн зөв хийсэн эсэх, үнэ тарифын ялгаа ямар байгаа, эмзэг бүлгийн иргэд цахилгааны хөнгөлөлтөө эдэлж байгаа эсэх, цахилгаан тасдаж иргэдийг хохироодог байдал,цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлсний төлөө НӨАТ-ын баримт авч чаддаггүй, сугалаанд оролцох боломжгүй байдаг зэрэг цөөнгүй гомдлыг ажил хариуцсан хүмүүст тавьж, хариулт авав.

Хэлэлцүүлэгт Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр,“БНЗӨБЦТС” төрийн өмчит хувьцаат компанийн Дорноговь салбарын дарга Ц.Мөнхтогоо болон албаны хүмүүс оролцов.

Хэлэлцүүлгийн төгсгөлд цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага, иргэд, төрийн бус байгууллагуудад  тулгамдаж  буй асуудлыг хамтран шийдвэрлэх, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох зорилгоор  иргэдийн тавьсан саналд үндэслэж төр, цахилгааны түгээх байгууллага, иргэд аж ахуй нэгжид хандан зөвлөмж гаргалаа.

Зөвлөмжид ажил хариуцсан төрийн  байгууллагуудад хандан хэрэглэгчийн эрх ашиг хохирч байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт шалгалт зохион байгуулж үр дүнг мэдээлж байх зэрэг санал тусгасан бол иргэд, аж ахуй нэгжид хандан  цахилгаан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, стандартын шаардлага хангасан кабелиар цахилгаан эрчим хүчээ холбох, галын болон бусад гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хариуцлагатай хандах зэрэг саналыг тусгажээ..

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ