Татарстаны нэртэй хамтлаг Монголд тоглолтоо хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-10-21 17:06:38

Монгол-Оросын уламжлалт найрамдлын сарын ажиллагаанд оролцохоор ОХУ-ын  “Монголын анд нөхдийн холбооны” дэд тэргүүн, ОХУ-ын  Байгалийн ухааны академч, техникийн ухаан доктор И.Р. Утямышев тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд буй юм.

МОНЦАМЭ-гийн Москва дахь сурвалжлагч ноён Утямышевыг Монгол улс руу мордохын өмнө уулзаж сэтгэгдлийг нь сонсчээ.

“Орос-Монголын найрамдлын сарын ажиллагаа энэ жил 55 дахь жилдээ тохиож байна. Уламжлалт сарын арга хэмжээнд Татарстан улсын ардын хөгжмийн  хамтлаг оролцож, Монголын үзэгч олонд Татарын ард түмний дуу, хөгжмийн баялаг сангаас толилууна. Өмнө энэ хамтлаг 2008 онд Монгол улсад 48 дахь найрамдлын сарын  ажиллагаанд амжилттай оролцож байсан. Хамтлагийн жүжигчид монгол анд нөхөдтэйгөө дахин уулзах болсонд өндөр сэтгэгдэлтэй байна. Эцэст нь хэлэхэд, энэхүү боломжийг тохиолдуулан найрамдалт монголын ард түмний  хөгжил цэцэглэлтэд амжилт хүсье! гэв.

2002 оноос хамтлагийн удирдагчаар Татарстан улсын ардын жүжигчин Айдар Файзрахманов ажиллаж байна. Хамтлаг Түрк, Испани, Судан, Хятад, Түкменистан, Арабын Нэгдсэн улс болон бусад орнуудад айлчлан тогложээ.  Манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд энэ сарын 20-22 ны өдөр Улаанбаатар,  Дархан, Эрдэнэт хотод тоглолтоо хийнэ.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ