Өмнөговийн залуучуудын суурь судалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-21 18:51:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн залуучуудын суурь судалгаа болон хувь хүний хөгжлийн сургалт явуулах "Залуу манлайлал" төслийг хэрэгжүүлж байна.

"Төгс голомт" ТББ-ын санаачилгаар "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас дэмжсэн энэхүү төсөл  гурван үе шаттай ажээ.

Өмнөговь аймгийн залуучуудын амьдралын нөхцөл байдал, хөгжлийн хэрэгцээг уг судалгаагаар   тодорхойлох юм. Ингэснээр  залуучууд улс орныхоо хөгжил, нийгэм, эдийн асуудлыг сонирхож өөрсдийн оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх зэргээр нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж,  хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болоход дэмжлэг үзүүлнэ гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж.

Энэхүү судалгаа энэ оны таван сард дуусах бөгөөд судалгаандаа тулгуурлан хувь хүний хөгжлийг сургалт зохион байгуулах юм байна. Уг төсөлд Өмнөговь аймгийн 15 сумын 15-34 насны гурван мянга орчим залуучуудыг хамруулна гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч  А.Түвшинбаяр хэллээ.

Өмнөговь аймгийн нийт хүн ам 2015 онд 61540 болж өмнөх оноос 1875 хүнээр буюу 3.1 хувиар өссөн бөгөөд нийт хүн амын 37.4 хувь буюу 23055 нь 15-34 насны залуучууд байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ