Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ1981 оны 3 дугаар сарын 22-ны энэ өдөр Монгол Улсын түүхэнд шинээр бичигдсэн, он цагийн хуудсанд баяжигдан зузаарсаар байх гэгээлэг, гайхалтай өдрийн нэг юм. 36 жилийн өмнө том цасан ширхэг зөөлөн хаялсан яг энэ өдөр Зөвлөлтийн "Союз-39" хөлгөөр ЗХУ-ын иргэн, сансрын нисгэгч В.Жанибеков, БНМАУ -ын иргэн, сансрын анхны нисгэгч Ж.Гүррагчаа нар /тэр үеийнхээр нэрлэх нь бас зүйтэй/ "Олон улсын интеркосмос" хөтөлбөрийн хүрээнд хамтарсан нислэг хийж, Монгол хүн сансар огторгуйд хөл тавьж, ээж бүхэн тэнгэр сансарт сүүн цацлаа өргөн сүүгээ өргөн, эсэн мэнд газардахыг тэсэн ядан хүлээж байсан нь саяхан мэт.
МОНЦАМЭ агентлаг энэ өдрөөс эхлэн долоо хоногийн турш эх орон даяар Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явцыг цаг минут бүрээр нь, сансарт нэг бүхээгт ниссэн орос, монгол хөвгүүдийн тухай мэдээлж байв.
1978 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдан монгол хүнийг сансарт нисгэх, монголын шилдэг хөвгүүдээс сонгон шалгаруулж сансарт нисэх бэлтгэл хийх тухай нууц тогтоол гаргаж байсан юм. Монголын ардын армийн офицер, нисгэгч, инженер нараас шилэгдсэн анхны бэлтгэл "Сансрын нисгэгчид"-ийг ч бас нууцлан шалгаруулж, тэнцсэн хэдийг нь Москвад илгээж байлаа. 1979 онд дөрвөн хүн тунаж үлдсэн тухай шивэр авир яриа гарч байсан ч бас л нууцалсаар байв. Харин 1980 онд хоёрхон хүн л тулгуу, шахуу бэлтгэл хийж буйг мөн л ил далд ярьдаг болов. 18 аймаг даяар "Манай нутгийн хэний хүү сансарт нисэх бол...?" гэж тааж ядан байсаар 1981 онтой золгосон хаврын эхээр дээрх нууцлал, таамгууд тайлагдаж, тийнхүү 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр "Монгол хүн сансарт нислээ. Жирийн малчны хүү, ардын армийн ахмад Жүгдэрдэмидийн Гүррагчаа, зөвлөлтийн сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт "Союз-39" хөлгөөр сансарт цойлон нислээ" гэсэн баярт мэдээ монгол орон даяар, бас Орос орон даяар нэгэн зэрэг "Орбит"-ын станцаар шууд дамжуулж эхэлсэн.
Монгол орны өнцөг булан бүрт тархсан. "Сансарт нэг экипажид, дайны талбарт нэг нуувчинд", " Сансрын ахан дүүс",
"Монгол Зөвлөлтийн ган бат найрамдал мандтугай"...гэсэн уриа лоозон, зурагт хуудас энд тэндгүй намирч, айл болгоны гэгээвчээр хоёр орны төрийн далбаа, хоёр нисгэгчийн зураг өнгө хосолж байв. Энэ мэдээ бүхнийг МОНЦАМЭ мэдээлж байсныг бас дахин сануулья.
Сансрын нислэг амжилттай болж, Казахстан улсын "Байконурын сансрын нислэгийн төв буудал"-ааас хөөрсөн хөлгийн ган дуулган бүхээг мөн л казакийн талд буцан газардсан. Тэр үеийн түүхэн зураг, бичлэгүүд манай агентлагийн архивт хадгалагдсаар байна.
Сансрын нислэгийг газар дээрээс нь сурвалжилсан сэтгүүлч Т.Галдан, Я.Сүхбаатар болон гэрэл зурагчин С.Батсүх нарын сонин сайхан хууч хөөрөө ч бидний дунд өнөөдөр бас амилан сэргэв.
1981 оны турш монгол орноор сансрын нисгэгч ахан дүүс аялан, малчны хот, үйлдвэрийн цех, тариан талбай, сургуулийн танхим, цэргийн ангид алга ташилт, цэцгийн баглаа, бүжиг дуугаар халгин цалгиж билээ. Сансарт ниссэн анхны баатар Ж.Гүррагчаад ЗХУ, БНМАУ-ын баатар цол олгон, армийн дэд хурандаа цолоор шагнаж, орлон нисгэгч М.Ганзоригийг Сүхбаатарын одон, ахмад цолоор шагнаж, хоёуланд "Монгол Улсын сансрын нисггэгч" эрхэм алдар хайрлаж байв. Түүнээс хойшхи он жилүүдийн тухай өгүүлэхээ ийнхүү товчлон, өнөөдөр сансрын баатрууд яаж амьдарч буйг цухас өгүүлье.
Ж.Гүррагчаа баатар одоо хошууч генерал цолтой, Сансрын түүхийн музейг байгуулаад эрхлэн ажиллуулж байгаа бол орлон нисгэгч М.Ганзоригт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, мань эр Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнд эрдэм судлагааны ажлаа хийсээр явна.
Ж. Гүррагчаа энэ завсар УИХ-ын гишүүнээр сонгогдон улмаар Батлан хамгаалахын сайдын албыг ч хашиж байлаа. Мөн Орос, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн даргаар ч ажиллаж байгаа. Сансарт ниссэн түүхийн амьд баатрууд ийнхүү бидний дунд ажиллаж амьдарч байгаа нь энэ цагийн бидний бас нэгэн бахархал билээ.
Сансарт хамт ниссэн Зөвлөлтийн /хуучнаар/ сансрын нисгэгч Владимир Жанибеков ч Монгол оронд үе үе ирж, монгол ахан дүүстэйгээ уулзан, сансрын түүхээсээ хуучлан ярьдагийг ч онцольё. Бидний түүх бол сансрын түүхтэй яриангүй холбоотой. Монголын ирээдүй хойч үеийнхэн судалгаа, шинжилгээ, шинэ технологийн нээлт хийх боломж сансарт байсаар байна. Сансар биднийг хүлээж байна.
Ж.Батсайхан