Гемодиализын тусламж үйлчилгээг хүлээгдэлгүй авах боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-22 17:51:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ЭМЯ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хоорондын “Эрүүл мэндийн даатгалын сангаар  дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хоорондын гемодиализ эмчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Очирбат хэлэхдээ, “Гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор үе шаттай хийж буй ажлын нэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализын тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлж, эмчилгээний чанар, үр дүнд хяналт тавьж, худалдан авахаар чиглэлээр хамтран ажиллахаар харилцан энэхүү гэрээг байгуулж байна” гэдгийг онцлов. 

Хүн амын нягтрал ихтэй Улаанбаатар хотод гемодиализ эмчилгээний хүлээгдэл ихтэйгээс шалтгаалан иргэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад өндөр төлбөр төлж, эмчилгээнд хамран санхүүгийн хүндрэлд орж байсныг арилгах зорилгоор Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар тус эмчилгээг гүйцэтгүүлэхийг дэмжсэн шийдвэр гарснаар гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чадавхи бүхий шаардлага хангасан хувийн хэвшлийн 7 эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулж, 140 гаруй үйлчлүүлэгч үнэ төлбөргүй эмчилгээнд хамран нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо.

2016, 2017 онд 16 аймаг,  Нийслэлийн 6 дүүрэгт гемодиализын 46 аппарат шинээр суурилуулж, хүний нөөц санхүүжилтийг шийдвэрлэн иргэд оршин суугаа нутагтаа тус эмчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлэв.

Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэнд гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Цаашид ЭМЯ-наас бөөрний эмгэгийг эрт илрүүлж, оношлох, эмчилгээнд эрт хамруулах, хянах үйл ажиллагааны эрх зүйн баримтыг шинэчлэн боловсруулж, эмч мэргэжилтнүүдийг сургахад анхааран ажиллах юм.

Ингэснээр бөөрний дутагдалд хүрэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, ард иргэдийн мэдлэг зан үйлийг сайжруулж, оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв. 

Ж.Болор

Холбоотой мэдээ