Газар хөдлөлтийн бэлэн байдлын дадлага сургуулилт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-23 19:51:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгосонтой холбогдуулан энэ сарын 22, 23-нд ЭМЯ-нд газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг хэрхэн хангах, хор уршгийн талаар танхимын сургалт болон дадлага сургуулилт зохион байгуулав.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, "Газар хөдлөлтийн үед хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх, хувь хүний бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн байгууллагын аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь чухал. Дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд болсон гамшгууд тухайлбал, БНХАУ, Гайти, Чили, Япон улсад болсон газар хөдлөлт, түүний сургамж, нөгөө талаас манай судлаачдын судалгаанаас үзэхэд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргийлэхэд хувь хүн, гэр бүлээс эхлээд байгууллага, хамт олны бэлэн байдлыг хангах нь зүйтэй юм. Энэхүү сургуулилт нь та бүхэнд газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын талаар мэдлэг олгож, хувийн бэлтгэл хангахад ач тусаа өгсөн гэдэгт итгэлтэй байна. Газар хөдлөлтийн үед өгсөн зөвлөмжийн дагуу аюулгүйн зурваст эсэн мэнд гарсан та бүхэнд баяр хүргэе" гэв.

ЭМЯ газар хөдлөлтийн бэлэн байдлын дадлага, сургуулилтыг ийнхүү долоо дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ