Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Аюулгүй хүнс” сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-24 23:44:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн МХГ-аас аймгийн хэмжээнд “Аюулгүй хүнс” сарын аяныг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлээд байна.

Тус аяны хүрээнд Сүхбаатар суманд хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг 32 аж ахуй нэгж, иргэдэд “Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим” сэдвээр сургалт зохион байгуулж, мэргэжлийн арга зүйн зөвлөмж өгсөн байна. 
Мөн Мандал, Сүхбаатар сумын ЕБС-ийн сурагчид, сургуулийн өмнөх боловсролын 356 хүүхдүүдэд “Хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, шошгын мэдээллийг хэрхэн унших” зөвлөмжүүдийг газар дээр нь өгчээ. Түүнчлэн чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Мөн аяны хүрээнд “Аюулгүй хүнс-Эрүүл үдийн цай” сэдэвт зөвлөмжийг боловсруулан Цагааннуур, Түшиг, Шаамар, Зүүнбүрэн сумдын ЕБС-ийн багш, сурагч нарт хүргүүлсэн байна.

Түүнчлэн Мандал, Сайхан, Сүхбаатар сумдын хүнсний захуудад худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа болон худалдан авагч нийт 286 иргэдэд “Мал амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авах, хэрэглэх тухай”, “Аюулгүй хүнс-Эрүүл мал зөвлөмж, “Ургамал хамгаалах зохистой хэрэглээний тухай” зөвлөмжүүдийг түгээж, зөвлөмж, зөвлөгөөг газар нь дээр өгч ажиллаж байгаа аж. Мөн аймгийн хэмжээнд Сүхбаатар, Шаамар сумдын хот хоорондын зам дагуух хоёр иргэний цайны газрын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Ч.Отгонцэцэг   

Холбоотой мэдээ