Эрх чөлөөний өдөр Минскт хэдэн зуун хүн баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-03-26 14:09:14

ЛОНДОН. /BBC/. Беларуст эрх чөлөөний өдөр эсэргүүцлийн жагсаал болж хэдэн зуун хүн баривчлагдлаа хэмээн хүний эрхийн хамгаалагчид мэдэгдлээ. Сөрөг хүчнийхэн зөвшөөрөлгүй жагсаал хийсний дараа баривчилгаа эхэлжээ.

Үүнээс өмнөх Интерфаксын мэдээгээр, эсэргүүцлийн жагсаалд 500 орчим хүн оролцсон гэж мэдээлж байсан ч BBC-ийн сурвалжлагчийн мэдээлснээр эсэргүүцэгчдийн тоо 1500-аас доошгүй байсан байна.

Саатуулагсдын дунд орон нутгийн болон Оросын хэвлэл мэдээллийн хэд хэдэн сэтгүүлчид байжээ. Нийт саатуулагдсан хүмүүсийн тоо 100-150 гэж сэтгүүлчид үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч хүний эрхийнхэн саатуулагдсан хүний тоо хавьгүй их гэжээ. Офист нь саяхан нэгжлэг хийсэн “Весна” хүний эрхийн төвийнхөн Дотоод хэргийн янз бүрийн саатуулах байранд 700 гаруй хүнийг аваачин саатуулсан гэж ярьжээ.

Эсэргүүцэгчид дуу нийлүүлэн “Жыве Беларусь”, “Ганьба!” /Шившиг/, “Фашистууд!” гэж хашгирч байжээ. Якуба Колосын талбай руу жагсагчид явах замд сэргийлэхийнхэн жагсагчдын өмнөөс бамбай барьсан цагдаа нарыг эгнүүлэн зогсоон замыг нь хаажээ. Дараа нь жагсагчдын араас бүслэн баривчилгааг эхлүүлсэн байна. Хэдэн арван идэвхтнүүдийг баривчилсны дараа эсэргүүцэгчдийн жагсаалынханд зам тавьж өгчээ.

Беларуссийн идэвхтнүүд Беларусь ард улсыг тунхагласны 99 жилийн ойн өдөр буюу 3 дугаар сарын 25-ны бямба гарагт Ерөнхийлөгчийн “ажилгүйчүүдийн” тухай зарлигийг хүчингүй болгохыг шаардсан цуврал жагсаал цуглаанаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаагаа эрх баригчдад урьдчилан мэдэгдэж байжээ.

О.Барс

Холбоотой мэдээ