Чинхай балгаснаас шавар бурхан шинээр илрэв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-03-27 20:18:18

Өнгөрөгч онд археологийн малтлагаар 13-р зууны үеийн бурхны баримлын хэсэг олдсон Монгол Улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын Халзан ширэг гэдэг газрыг Чингис хааны Төв, Дундад Азид нэвтрэх замын цэргийн түшиц - Чинхай балгас мөн гэдгийг Монгол-Японы хамтарсан археологийн “Бичээс” төслийн багийнхан тогтоожээ.

Тус төслийн багийн удирдагчид болох Монголын түүхч эрдэмтэн А.Очир, Л.Эрдэнэболд, Японы эрдэмтэн Хитоши Мүраози, Юүко Наката, Такаши Мацүкава нар өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийн дээрх дүгнэлтээ танилцууллаа. Судалгааны багийнхан Японы Рюкокү их сургуулийн санхүүжилтээр энэ онд хээрийн шинжилгээг үргэлжлүүлж Чинхай балгасны тухай цогц судалгааг урагшлуулжээ. Чинхай балгас хэмээх газар нь “Чанчүн бумбын тэмдэглэл” хэмээх түүхэн сурвалжид дурдагддаг бөгөөд Хятадын бумбын шашны нэрт төлөөлөгч, их эрдэмтэн Чанчүн бумба нь Чингис хаантай биечлэн уулзаж явсан түүхэн хүн юм. Халзан ширэг бол Хятадаас баруун зүг рүү явах Торгоны замаас гадна Хятадаас Монголын өндөрлөгт гарч, тэндээс Алтайн нурууг дамжиж Дундад Ази явах тал нутгийн Торгоны зам түүгээр дайрч байжээ. Тиймээс Чинхай нь чухал арилжааны зам байсан гэдгийг нотлох дурсгал юм байна.

Монгол Японы хамтарсан “Бичээс” төсөл 1994 оноос эхэлж Монгол улсын нутагт буй Түрэгээс Монголын эзэнт гүрэн хүртэлх хөшөө, бичээсүүдийг судалж өдгөө 23 дахь жилийнхээ нүрийг үзэж буй түүх археологийн томоохон төсөл юм.

Холбоотой мэдээ