Жижиг дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-27 20:46:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Дархан-Уул аймгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл”-ийг хэлэлцэж батлав.

Тус аймагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн төслийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс танилцуулж хэлэлцүүлсэн юм. Үүнд: Аймаг, орон нутгийн түүхий эд, нөөц боломж давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлж сумдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг оновчтой зохион байгуулж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлсэн аж ахуйг шинээр байгуулж үйлдвэрлэлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг чиглэлийг боловсруулсан байна.

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан: “Бид аймгийнхаа ЖДҮ-ийн тэргүүлэх чиглэлийг боловсруулахдаа Монгол Улсын хэмжээнд үндсэн суурь тэргүүлэх чиглэл болох мал аж ахуйг хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд авч үзсэн. Сүү, мах, ноосны хонины, гахай, тахиа, зөгий, туулайн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээс гадна эрдэс болон гар тэжээл, дарш үйлдвэрлэх малын тэжээлийн үйлдвэр, шинэ техник, технологи бүхий малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихийг тэргүүлэх чиглэл болгож байна. Газар тариалангийн хувьд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, үр, сортын үйлдвэрлэл, өвлийн хүлэмжийн аж ахуй, агуулах, зоорийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор тэргүүлэх чиглэлдээ орууллаа. Хүнсний үйлдвэрлэлийн хувьд уламжлалт үйлдвэрлэлээ дэмжихээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хүүхдийн хоол тэжээл,тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү дэмжинэ” гэв.

Мөн дөрвөн сумынхаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг ч мөн тодорхойлов. Иймд аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг сумын нутаг дэвсгэртээ зохион байгуулж жижиг дунд үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж ажиллах үүргийг бүх сумдын Засаг дарга нар хүлээхээр боллоо.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ