Асад ОХУ-д айлчилсныг АНУ буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-22 11:07:55

ВАШИНГТОН. /ВВС/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Москва хотод хийсэн айлчлалыг Цагаан ордон эрс буруушаав.

"Улаан хивс дэвсэн" Асадыг хүлээн авлаа гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч ОХУ-ыг буруушаажээ.

Сири дэх “Лалын улс” бүлэглэл болон бусад хүчинд агаараас цохилт өгөх ОХУ-ын ажиллагаа эхлээд гурван долоо хоног болж байхад буюу өнгөрсөн мягмар гарагт Сирийн удирдагч Асад ОХУ-д айлчилсан байна.

2011 онд Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш анх удаа Асад хилийн чанадад айлчилж байна. Сирийн мөргөлдөөнд 250 мянга гаруй хүн амиа алджээ.

Тэрбээр Москвад байх үеэрээ, Сирийн мөргөлдөөн дэх ОХУ-ын цэргийн оролцоонд талархаж байгаагаа илэрхийлээд, “терроризм газар авч, улам ноцтой болох аюул”-аас ОХУ сэргийлсэн гэж мэдэгджээ.

Үндэстэн, шашны бүлгүүд болон улс төрийн бүх хүчний оролцоотой хямралыг зохицуулах улс төрийн арга замыг олно гэж ОХУ найдаж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Сирийн Ерөнхийлөгчийг ОХУ хүлээн авснаараа, “ОХУ бол Ойрхи Дорнод дахь гол тоглогч бөгөөд ОХУ-ын оролцоогүйгээр Сирийн хямралыг зохицуулах боломжгүй” гэсэн дохиог Путин Өрнөдийн орнуудад илгээж байна гэж “BBC”-гийн Москва дахь сурвалжлагч Стив Розенберг бичжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ