Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-28 13:50:14

Баянхонгор/МОНЦАМЭ/. 2017 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Баянхонгор хотноо нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Волейболын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч багш Л.Цэдэнсодном, аймгийн Засаг дарга болон бусад удирдлагууд, гар бөмбөгийн спортод элэгтэй дэмжигч байгууллагууд, тэмцээнийг үзэж сонирхохоор цугласан нутгийн олон оролцов.
Мөн үеэр Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч багш Л.Цэдэнсодном, ахмад багш спортын мастер М.Долгорсүрэн болон гар бөмбөгийн спортыг дэмжиж ирсэн үе үеийн төлөөлөлд Баянхонгор аймаг, Олимпийн үндэсний хороо, Волейболын холбооноос хүндэтгэл үзүүллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр Тэмүжин театрын уран бүтээлчид Хонгор нутгийн брэнд "Чулуун царгил хөгжим" тэргүүтэй уран бүтээлийн дээжээсээ үзэгч олондоо толилуулсан.

Энэ удаагийн тэмцээнд Баянзүрх, Хасу мегастарс, Монти Олуб, Баянгол, Дархан, Эрдэнэтийн Од, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Говьсумбэр, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Булган, Багануур, Баянхонгор аймгийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, техник ур чадвараараа таван өдөр өрсөлдөх юм.

                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ