“Францын соёлын өдөр”-ийг хоёр дахь удаагаа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-29 11:05:22

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх ноён Рафаэл Дрозэвски тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 03 сарын 27-29-ний өдрүүдэд Ховд аймагт айлчилж байгаа билээ. 

Айлчлалын үеэр ноён Рафаэл Дрозэвски тэргүүтэй төлөөлөгчид Ховд их сургуулийн ГХСС-ийн Европ хэлний тэнхим, зочин франц багш нартай хамтран 19 дэх удаагийн “Франц хэлтнүүдийн баяр”-ыг тохиолдуулан зохион байгуулж буй “Францын соёлын өдөр-2017” үйл ажиллагаанд оролцлоо. 
Уг үйл ажиллагааны хүрээнд ХИС болон Францын ЭСЯ хамтран “Тогтвортой хөгжил” фото зургийн үзэсгэлэн гаргаж, оюутнууд, зочин багш урлагийн тоглолт хийж, оюутнуудын дунд “Spelling bee” тэмцээнийг зохион явуулав. 
“Spelling bee” тэмцээнд 10 оюутан оролцсоноос Д.Сунхар тэргүүн байр, н.Мандалмаа, А.Жанерке нар удаах байр, Жархангүль, Гүлгайым нар тусгай байрт шалгарч, сертификат, гарын бэлгээр шагнууллаа. 
Мөн ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана сургуулийнхаа оюутнуудын хийсэн гар урлалын бүтээл болон багш нарын эмхэтгэн гаргасан бүтээлийн дээжээс зочид төлөөлөгчдөд дурсгал болгон өглөө. ХИС-ийн хувьд Франц хэлтнүүдийн баярыг хоёр дахь удаагаа өндөр ач холбогдол өгч, амжилттай зохион байгуулсанд Францын ЭСЯ-ны төлөөлөгчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ