Дарьганга нүүдэл - Ёс заншил

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-03-29 12:50:43

Дарьгангачуудын нүүдэллэх соёл

Дарьгангачуудын нүүдэллэх ёс бусад газрыг бодвол хэд хэдэн онцлог, ёс горимтой. Нүүхийн өмнө буух нутаг ус, газар орчиноо үзэж,  шав тавина.  Ингээд нүүх өдрөө сонгодог. Нүүхийн урьд өдөр нутаглаж байгаа газрынхаа орчин тойрныг сайтар цэвэрлэдэг байжээ.

Тэгээд энэ өдрөө ачлага, уналгаа бэлддэг. Нүүх өдрийнхөө өглөө талархалын тахил гэж өргөдөг.  Энэ нь тухайн газар нутагт амьдарч байхад сайн сайхан байлгалаа гэж лус савдаг, газар тэнгэртээ талархаж байгаа гэсэн утга учиртай. Гурван цагааны дээж буюу сүү тараг шар тос 3-ыг холин дөрвөн зүг, найман зовхис тэнгэр газар гээд 10 зүгт өргөнө.

Нүүдэл хөдөлсөний дараа гэрийн бууриа цэвэрлээд, араас нь гүйцэж очдог. Нүүдлээс өмнө, мөн тахил өргөхийн өмнө /нар битүү үед/мал хөдөлдөг. Хөсөг тэргийг олон жил аян жин тээсэн цагаан ат, улаан үхэр зэргийг тэргүүнд залж, шинэ сургасан малыг дунд хийж, төлтэй эм малыг сүүлийн тэргэнд хөлөглөдөг ёстой. Нүүдэл хөдлөхдөө гэрийн эзний хийморийн зүгт гарч, буух нутгийнхаа буян хишигийн зүгээс очно. Замдаа гурван удаа амарч, үдлэнэ. Эхний амралтаар бараа тэнгээ шалгадаг. Удаахд нь чангалдаг. Гурав дахь нь цайлах ёс. Үүнд нүүдлийг угтан тосож цай, идээгээр дайлдаг ёс орно. Нүүдэлчид өөрсдөө мөн цай хоолтой явдаг. Харилцан цайлдаг. Ер нь аян нүүдэл хийхэд олон зогсдоггүй. Дээрхи шалтгаанаар цөөхөн зогсдог учиртай.

Буух газраа ирээд нар зөв гороолж, эхлээд хаалга тооноо буулгадаг. Тэгээд тавьсан шаваа авч, ханаа тойруулдаг. Энэ үед гэрийн эзэгтэй цайгаа чанаж, тахилаа өргөдөг. Үүний дараа мал хотондоо ирдэг үе таардаг байжээ. Гэрээ барьж дууссаны дараа даатгалын тахилаа өргөнө. Энэ нь энэ орон нутагт амьдрах үед амь нас бат, өвчин зовлонгүй, ажил үйлс бүтэх, мал сүрэг тарган тавтай байхыг мөн л тухайн лус савдагт даатагдаг байна. Үүний дараа хотоороо цайлдаг. Нүүдэлтэй таарсан хүн нүүдлийг хөндлөн гардаггүй, заавал зогсож өнгөрөөнө. Мэнд мэднэ. Нүүдлийн зогсох эсэхийг нүүдлийн ахлагч мэднэ. Зогсохгүй бол нэг хүн тухайн хүнтэй үлдэж, мэндийн ёсоо гүйцэтгэн очно. Нүүдлийн урдуур гарсан хүний ажил үйлс бүтдэггүй гэдэг. Нүүдэл нь улирлын байдлаас шалтгаалж, өөрчлөгддөг ч ихэнхдээ Дарьгангачууд энэ ёс уламжлалыг сахиж, нүүдэллэдэг юм байна.

Холбоотой мэдээ