Сумдын засаг нартай хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-29 18:50:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Сүхбаатар аймгийн засаг дарга З. Энхтөр 13 сумынхаа засаг дарга нартай 2017 оны хамтын ажиллагааны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Сүхбаатар аймгийн засаг даргын 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол агуулга нь орон нутагтаа үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ ажлын байр олноор бий болгох юм. Ингэснээр өрх болоод ард иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэх, аймгийнхаа нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг улсынхтай адил түвшинд хүргэнэ хэмээн зорьж байгаа. Дөрвөн жилийн хугацаанд 3000 орчим ажлын байр шинээр бий болгохоор хөтөлбөртөө тусгасан. Тиймээс сумдын засаг дарга нартай байгуулж байгаа гэрээний гол шалгуур үзүүлэлт ч үүнтэй нийцсэн байх учиртайг аймгийн засаг дарга З. Энхтөр хэллээ. 

Өнгөрсөн онд шат шатны сонгууль явагдсан гэдэг утгаараа ихэнх сумдын засаг дарга, удирдлагууд өөрчлөгдсөн. Тиймээс бүгд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай биелүүлэхийн төлөө  хичээж ажиллахаа энэ үеэр илэрхийлж байлаа. Сүхбаатар аймаг 13 сумтай. Сум бүр 2017 онд нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлаа энэхүү үр дүнгийн гэрээнд  тусгажээ. Тодруулбал: Түмэнцогт сум мянганы замыг үргэлжлүүлж сумынхаа дотуур дамжин өнгөрдөг болгох, Түвшинширээ сум 2018 онд шинээр олгох газар, түүний дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд төлөвлөсөн байна. Харин Наран сумын хувьд орон нутгийн хөгжлийн сандаа 27 сая төгрөг тусгаж тодорхой ажлуудыг хийхээр болсон. Ингэхдээ нэн тэргүүнд хилийн торны шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээ энэхүү үр дүнгийн гэрээнд тусгажээ. Гэрээ жил бүр шинэчлэгдэн байгуулагдах учир сум бүр орон нутгийнхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээтэй уялдуулан гаргасан  байна.

Мөн энэ үеэр сумдын засаг дарга нар, цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон аймгийн Цагдаагийн газрын даргатай хамтын ажиллагааны гурвалсан гэрээг байгуулсан юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ