Ахмад болон залуу үеийн эмч нар ажлын туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-30 11:24:30

Ховд./МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ахмад, чөлөөт эмч нарын холбоо “Мөнхийн жигүүр” цэнгүүн зохион байгууллаа. 

Тус цэнгүүнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нарын албаны хүмүүс оролцож ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн сайн сайхныг хүслээ. 

Энэ өдөр ахмад эмч нар өөр өөрсдийн мэргэжлийн дагуу ажиллаж байгаа залуу эмч нарт ажлын туршлага, сургамж зөвлөгөө өгч, халамжлан хүмүүжүүлж, хамтран ажиллаж, зааж зөвлөж байхаар боллоо.

Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газраас эмч нарын өдрийг угтаж бүх сумдын эмч нарын дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.

Энэ өдрийг эмч нарын өдөр гэхээсээ илүүтэй дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр болгон тэмдэглэсээр иржээ. Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд бөгөөд иргэн бүрийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавъяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр ард олон нь үргэлж бахархаж байдаг билээ.

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр АНУ-д тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн байна. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ