БНХАУ-ын ЭСЯ-наас Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-30 14:37:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.МУИС-ийн эрдэмтэн мэргэд, багш, оюутнууд хүн төрөлхтний оюун, соёлын гайхамшигт өв болох Ганжуур, Данжуур судрыг эх хэлээрээ судлах, танилцах бүрэн боломжтой боллоо.

БНХАУ-ын ЭСЯ-наас өнөөдөр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд “Монгол Ганжуур, Данжуур” буддын судар номын цоморлигийг хандивлах ёслолын үйл ажиллагаа тус сургуулийн Эрдмийн танхимд болов.

Энэхүү ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар үг хэлэв. Тэрбээр, “Монгол Ганжуур, Данжуур бол Монголд буддын мэдлэг ухааны 10 салбар, ном судрын бичлэг хэлбэршин тогтсон соёлын түүхэн үзэгдлийн хөдөлшгүй баримт юм.

Бидний өвөг дээдсийн нөр их хөдөлмөрөөр XIII-XVIII зуунд бүтээсэн энэ соёлын өв бүрэн эхээрээ манай улсын Үндэсний Төв номын санд ганц хувь бий. Үүнтэй адил хэвлэл БНХАУ-д хэд хэд бий бөгөөд тус улс түүнийг бүрэн эхээр нь хуулбарлан хэвлэсэн явдал орчин үед хүн төрөлхтнийг цөөн тоотой барлагдсан Монгол Ганжуур, Данжууртай танилцах, түүнийг судлах, үр ашигтай агуулгаас нь суралцах өргөн боломжийг бидэнд олгож байна. Та бүхний Монгол Улсын боловсрол, соёлын салбарт оруулж байгаа энэ хөрөнгө оруулалт эзэн, цагаа олсон чин сэтгэлийн өглөг мөн гэж МУИС туйлын баяртай хүлээн авч байна. Монголчуудын оюуны өвийг ийнхүү судлан дахин хэвлэсэнд БНХАУ-ын ЭСЯ-нд талархал илэрхийлье” гэв.

Бурхан багш өөрөө айлдсан гэдэг Ганжуурын 108 боть, түүний хожмын шавь нар сэтгэлгээ, арга зүйн уламжлалаар нь бүтээсэн судруудын цоморлиг Данжуур 225 боть, нийт 333 боть Ганжуур, Данжуурыг монголчууд бүтээсэн нь бидний соёлын үнэт өв билээ. БНХАУ-ын энэ хэвлэлийн онцлог нь эдгээр зохиолуудыг эрэмбэлэн монгол, санскрит, төвд, хятад нэрийг нь зохиол тус бүрээр тодорхойлж өмнөх болон төгсгөлийн үгийн хамт гарчигласан нь уншигч олон уншиж хэрэглэхэд хялбар болгосон байна. Энэ бүтээлийг орчуулахад БНХАУ-ын эрдэмтэн судлаачид 20 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрөө зарцуулсан аж.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Оны бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, “МУИС бол манай ЭСЯ-ны хувьд хөрш байгууллага юм. Манай хоёр талын хоорондын хамтын ажиллагаа маш амжилттай хөгжиж байна. Өнөөдөр ЭСЯ-ны зүгээс МУИС-ийн цаашдын хөгжилд тодорхой хувь нэмэр дэмжлэг үзүүлэн, Ганжуур, Данжуур судар бичиг 410 ширхэгийг хандивлаж байна. Энэ нь зөвхөн бурханы судар ном төдийгүй шашин, соёл, гүн ухаан зэрэг салбарыг хамарсан маш том судар юм. Үүгээр дамжуулан МУИС-ийн эрдэмтэн мэргэд ,оюутан залууст бурханы шашин, соёл түүхийн талаарх судалгаа хийхэд тус дөхөм оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Ганжуур, Данжуур бол бурхан багшийн сургаал болоод түүний дараа гарсан эрдэмтдийн тайлбар бүтээлүүдийн эмхэтгэл юм. Монголчууд эх хэлээрээ бурханы шашны мэдлэг, ойлголттой болох, түүх соёлоо мэдэх, шашин соёлоо ухаарах, уламжилж ирсэн мэдлэг ухаанаа хойч үедээ өвлүүлэхэд хамгийн чухал судалгааны үндэс тавигдаж байна” хэмээн МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор Т.Булган тодотгов.

Энэ үеэр МУИС-иас тус сургуулийн сургалт, судалгааг хөгжүүлэхэд оруулсан энэхүү хувь нэмрийг нь үнэлэн БНХАУ-ын ЭСЯ-нд талархлын өргөмжлөл гардуулсан юм.

Уг ёслолд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчид, МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, ШУС-ийн НУС-ийн захирал, түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргал болон оюутны төлөөлөл оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ