Долоо хоногийн хугацаанд 61 гомдол мэдээлэл иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-30 21:26:16

Увс /МОНЦАМЭ/ Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас өнөөдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд Увс аймгийн Цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 61 гомдол мэдээлэл ирсэн байна.

Тэр дундаа ахуйн хүрээнд танхайрах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодох зөрчлүүд голлон гарчээ.

“Долоо хоног бүр гарч буй эдгээр гэмт хэрэг зөрчлийн дийлэнх хувь нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой. Тэр дундаа долоо хоногт дунджаар 5-7 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулж, торгуулж байна. Түүнчлэн малын хулгайн гэмт хэрэг тогтмол гарсаар байгаа” хэмээн аймгийн Цагдаагийн газрын ОНХ ахлах байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч Н.Оюунболд мэдээллээ.

Мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор улсын хэмжээнд бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах ажил зохион байгуулагдаж байгаа аж. Энэ хүрээнд малын хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх тухай баруун бүсийн зөвлөлгөөн энэ сарын 30-31-ний өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулагдаж байна.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ