Африкийн хүн амын 25 хувь нь өлсгөлөнд нэрвэгджээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-22 13:44:24

РАБАТ. /TASS/. Хөдөө аж ахуйн салбар Африкийн орнуудын ДНБ-ий гуравны нэг орчим хувийг бүрдүүлж, тус тив дэх ажлын байрын 60 хувийг хангадаг гэж Сенегалын Ерөнхийлөгч Маки Саль Дакар хотод болж буй Африкийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудлаарх олон улсын бага хуралд үг хэлэхдээ мэдээлжээ. 

“Хөдөө аж ахуйн салбар бол Африкийн гол тулгуур юм. Чухам энэ салбар бидний хүнсний аюулгүй байдлыг хангах, ажлын байр бий болгох, хөгжиж цэцэглэх илүү найдвартай механизмуудын нэг” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Үүний сацуу, Африкийн хөгжлийн банкны олон улсын бага хурлын үеэр нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, “Африкийн хүн амын 25 хувь нь өлсгөлөнд нэрвэгдэж, хоол тэжээлийн дутагдалд оржээ”. Түүнчлэн тус тивийн орнууд жил бүр 35 тэрбум долларын хүнсний бараа импортолдог байна.

Хөдөө аж ахуйн салбарыг өлсгөлөн, ядууралтай тэмцэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих болон ажлын байр бий болгох арга хэрэгслийн хувиар ашиглах боломжийг “Африкийг тэжээе” уриан дор болж буй арга хэмжээнд оролцогсод хэлэлцэж байгаа аж.

Уг бага хуралд эдийн засаг, газар тариалангийн салбар хариуцсан сайд нар, бизнес эрхлэгчид, банкны салбарын мэргэжилтнүүд зэрэг 400 орчим төлөөлөгчид оролцож байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ