Түнхний үеийн дутуу хөгжлийг эрт үед нь оношилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-01 20:41:43

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Төрөх тасаг шинээр мэндэлсэн нярай бүрт түнхний үеийн дутуу хөгжлийн эрт үеийн оношлогоо хийдэг болоод жил хагасын хугацаа өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд 1500 гаруй хүүхэд эрт үеийн оношлогоонд хамрагдсан гэж нярайн их эмч Б. Туяацэцэг хэллээ.

Оношлогоо хийхэд түнхний үеийн өөрчлөлт илэрсэн хүүхдэд нэг сарын давтан оношлогоо хийдэг байна. Давтан оношлогоо хийхэд өөрчлөлт дахин илэрвэл дөрөөвч зүүх аргаар түнхний дутуу хөгжлийг засна. Одоогийн байдлаар эрт үеийн оношлогоо хийлгэсэн 1500 гаруй хүүхдээс 136 хүүхэд түнхний үеийн дутуу хөгжилтэй гэж оношлогдож, тэдний 16-г нь дөрөөвчөөр зассан гэлээ. Хүүхдийг өлгийдөх явцад түнхний өөрчлөлтийг засах боломжтой гэж үзвэл эхчүүдэд зөвлөгөө өгч явуулдаг. Хэрвээ дөрөөвч зүүх зайлшгүй шаардлагатай тохиолдолд түүнийг бүтэн сарын турш салгахгүй зүүх ёстой байдаг ажээ.

Урьд нь хожуу үедээ оношлогддог байсан хүүхдийн түнхний үеийн дутуу хөгжлийг ийнхүү эрт үед нь илрүүлдэг болсон нь орон нутгийн эрүүл мэндийн салбар дахь шинэ дэвшил болж байгаа юм. Эрт үед нь энэ эмгэгийг илрүүлснээр 3 сарын дотор ийнхүү засах боломжтой. Харин зарим эцэг эх хүүхдээ давтан оношлогоо хийлгэх тал дээр хойрго хандаж, одоогоор давтан оношлогоо хийлгэх ёстой хүүхдийн 40 гаруй хувь ирээгүй байгааг эмч хэлж байна.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ