"Сувилагч солилцоо" амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-02 01:26:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас "Сувилагч солилцоо" ажлыг улирагч сарын 13-31-ны өдрүүдэд зохион явуулжээ.

Солилцооны хөтөлбөрт аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасаг бүрээс 2 сувилагч тус тус сумдад хуваарьлагдаж ажилласан бол сумдаас 1-2 сувилагч мөн аймгийн төвд 7 хоног ажиллаж туршлага судалсан байна. Тус арга хэмжээ нь Сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн сувилагч нарыг чадавхжуулах, төрөлжсөн сувилахуйн тусламж үзүүлэх арга барилд сургах, харилцан туршлага судлах, шинэ санаа, бүтээлч ажлыг нэвтрүүлэх зорилготой аж.

Сум дундын эмнэлэг, Сцымн эрүүл мэндийн төвүүдэд солилцоогоор ажиллах хугацаандаа сувилагч нар ерөнхий болон төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээний гардан үйлдлийг зөвлөн тусалж, эмнэлгийн мэргэжилтний ёсзүй, харилцаа хандлага, сахилга батыг чанд баримтлан ажилласанд Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд баяртай байгаагаа хэлж байсан. Мөн солилцоогоор амжилттай ажилласан Нэгдсэн эмнэлгийн сувилагч нарт ажлын үр дүн, тайланг үндэслэн энэ сарын цалинд 15 хувь хүртэл урамшуулал олгохоор Нэгдсэн эмнэлгийн захиргаа шийдвэрлэжээ. Цаашид тус хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ