Хотын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн ажлаар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-03 16:47:31

Улаанбаатар/МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” ажил өнөөдрөөс эхэлж байна.

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”  төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллана. Харин хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК  үзүүлэх юм.

 Хотын дарга С.Батболд хэлэхдээ,“Нийслэлийн замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь  гүүрний шинэчлэл, өргөтгөл, засварын ажил юм. Улаанбаатарт байгаа дийлэнх гүүрийг 1960-1986 онд барьсан бөгөөд  эдүгээ хагас зуун жилийг үдээд байна. БНХАУ-ын “Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт”-ээр Яармагийн  шинэ гүүр барьж, хуучин гүүрийг засварлахын зэрэгцээ Замын цагдаагийн газрын уулзварт  гүүрэн гарц барих бүтээн байгуулалт, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх 4 том төслийн барилгын ажлыг  эхлүүлнэ. Дээрх ажилд 132.3 сая ам. долларын санхүүжилт орно” гэлээ.

Харин нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам зэрэг 44.9 тэрбум төгрөгийн 39 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ