Өмнөд Солонгосын Ардын нам нэр дэвшигчээ тодруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын төвийг сахих үзэл баримтлал бүхий Ардын нам ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга асан Ан Чол Су-г өрсөлдүүлэх шийдвэр гаргажээ.
Тус улсын төвийн нутгийн Тэжо хотод өчигдөр болсон нам доторх долоо дахь удаагийн санал хураалт буюу сүүлчийн шатны сунгаанд Ан Чол Су 75 хувийн саналаар ялсан байна. Тэрбээр өмнөх бүх санал хураалтад ялсан юм.
Ан Чол Су нэр дэвшигчээр сонгогдсоныхоо дараа үг хэлэхдээ “иргэн бүр нь шаргуу хөдөлмөрлөж, амжилтанд хүрсэн улс орныг бий болгох болно” гэж амлажээ. Мөн шударга нийгмийг бий болгож, ажлын байр бий болгоход онцгойлон анхаарахаа тэрбээр илэрхийллээ.
Тус улсын улс төрийн бусад томоохон намууд ч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсаар байна.
Огцорсон Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн халааг авах хүнийг өмнөд солонгосчууд ирэх сарын 9-нд сонгох юм.
Олон нийтийн дунд хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, дэмжигчдийнхээ тоогоор тус улсын хамгийн том нам болох Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин тэргүүлж байгаа бол Ан Чол Су удаалж байна.
Ан Чол Су АНУ-тай аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эн тэргүүнд тавин, консерватив үзэлт сонгогчдоос дэмжлэг авахыг эрмэлзэж байгаа юм. Харин Мүн Жэ Ин Умард Солонгост эвлэрэнгүй байр сууринаас ханддаг нэгэн аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил энэ сарын 17-нд албан ёсоор эхэлнэ.
Г.Доржханд