Алт ялган авах зардлыг 40 хувиар бууруулах технологийг боловсруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-13 03:12:43

МОСКВА./TASS/. “МИСиС” Үндэсний эрдэм шинжилгээ, технологийн их сургуулийн эрдэмтэд алт ялган авах зардлыг 40 хувиар бууруулах аргыг нээжээ. Шинэ арга нь хүдрээс алт ялган авах хугацааг 4-8 дахин богиносгодог байна. Энэ тухай “МИСиС”-ийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Хүдрээс шууд цианиджуулалтын технологийн тусламжтайгаар ялган авсан нэг унц алтны өөрийн өртөг 800 долларт хүрдэг нь бирж дээр нэг унц алтны үнэ 1200 доллар байгаа  үед эдийн засгийн хувьд ашиггүй юм. “МИСиС”-ийн эрдэм шинжилгээ технологийн их сургуулийн эрдэмтдийн нээсэн технологийг ашиглан бүтээгдэхүүний өөрийн өртгийг 30-40 хувиар бууруулах боломжтой. Алт ялган авах шинэ арга нь аммиак-цианидын шүлтжүүлэлт дээр тулгуурладаг. Энэ аргаар алтыг 4-8 дахин богино хугацаанд ялган авах боломжтой” гэж дээрх мэдээлэлд дурджээ.

“МИСиС”-ийн судлаачдын Хятадын эрдэмтэдтэй хамтран боловсруулсан исэлдсэн зэс агуулсан хүдрээс алт ялган авах арга нь ялган авах гэж буй найрлагын гарцын хэмжээнд зэсийн үзүүлэх нөлөөг багасгадаг, тиймээс металлуудын нэгдлийг задлан салгах технологид зарцуулагдах урвалжийн зарцуулалт нь шууд цианиджуулалт зэрэг уламжлалт технологитой харьцуулахад бага байдаг.

Шинэ технологийг Тажикистан дахь "Тарор" алтны ордод туршиж үзжээ.

“МИСиС”-ийн эрдэмтдийн үзэж байгаагаар, тэдний нээсэн энэхүү аргыг Орос дахь хүдрийн бүх ордод ашиглах боломжтой гэнэ. Үүний зэрэгцээ, аммиакан цианиджуулалтын процесс дээр суурилсан технологийн тусламжтайгаар цахим техник, компьютерын хаягдлаас алт ялган авах боломжтой аж. 

О.Барс

 

Холбоотой мэдээ