Японы инженерүүд 20 м урт хийлдэг робот гар зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-14 01:07:29

ТОКИО. /TASS/. Токиогийн технологийн их сургуулийн профессор Коити Сүзүмори тэргүүтэй Японы инженерүүд зайгүй давчуу, хүнд нөхцөлд ажилладаг, нисэгчгүй аппаратыг орлож чадахуйц 20 м урт, ердөө 980 грамм жинтэй робот гарыг зохион бүтээжээ. Энэ тухай Nikkei сонинд бичсэн байна.

Зохион бүтээгчид хийцийн суурь болгон хийлдэг шаартай төстэй гели хийгээр хийлдэг нейлон, полиэтилен зууван баллоныг сонгожээ. Тэдгээрийг хооронд нь алсын удирдлагатай тусгай залгаасаар холбосон байна. Налалтын өнцгийг нь өөрчлөх замаар энэ аппаратыг нугалж, хазайлгаж болох ба аппаратын үзүүрт бичил камер суулгажээ.

Ажиллах нөхцлөөс хамааран операторууд робот гарны хийлдэг хэсгийн даралтыг нь ихэсгэж, багасгах боломжтой. Уг аппаратны боломж чадварыг осол гарсан “Фүкүшима-1” АЦС-аас 20 км-ийн зайд орших Нараха хотын Технологийн хөгжлийн төвд сонирхсон хүмүүст үзүүлжээ. Уг робот гарын тусламжтайгаар зохион бүтээгчид 14 м-ийн өндөрт байрлах хэвтээ хоолойн дотор талыг харж чадсан байна.

Цахилгаан станцад гарсан ослын хор уршгийг арилгахад уг аппаратыг ашиглах боломжтой аж. Учир нь нисэгчгүй аппаратуудыг хаа сайгүй ашиглахад хэтэрхий их аюултай, учир нь тэдгээр аппаратууд унасан тохиолдолд тоног төхөөрөмжийг эвдэх эсвэл хүмүүсийг гэмтээх эрсдэл бий. Түүнээс гадна, нисэгчгүй нисдэг аппаратуудыг хязгаарлагдмал орон зайд ашиглах боломжгүй байдаг.

Дашрамд хэлэхэд, энэхүү камертай хийлдэг гар нь төгс биш юм. Учир нь түүнийг салхитай үед эсвэл агааржуулагчийн агаарын урсгалын үед хэрэглэх боломжгүй юм.

О.Барс

Холбоотой мэдээ