“Дэлхийн эрчим хүч” шагналын эзнээр Швейцарийн эрдэмтэн М.Гретцель тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-14 15:15:36

МОСКВА. /TASS/. 2017 оны Олон улсын эрчим хүчний салбарын “Дэлхийн эрчим хүч” шагналыг Швейцарийн иргэн, 72 настай химич Михаэль Гретцель хүртжээ. Энэ тухай пүрэв гарагт тус шагналын зохион байгуулах комисс мэдээллээ.

Хямд төсөр, үр ашигтай нарны цахилгаан станцад зориулан “Гретцелийн үүр” гэдэг эдийн засгийн хэмнэлттэй, үр ашигтай фотоэлемент зохион бүтээснийх нь төлөө уг шагналыг Гретцельд олгожээ.

М.Гретцель бол Швейцарийн Лозанна хотын Холбооны политехникийн сургуулийн фотоник, интерфейсийн лабораторийн эрхлэгч, физикийн химийн профессор хүн юм. Тэрбээр 1200 эрдэм шинжилгээний бүтээл туурвисан бөгөөд 80 патент эзэмшдэг ажээ.

1990-ээд оны эхээр М.Гретцель “Гретцелийн үүр” хэмээн нэрлэгддэг будгаар мэдрэгжүүлсэн нарны элементийг зохион бүтээсэн нь нимгэн хальст нарны зай хураагуурын ирээдүйтэй төрлийн нэг болж чадсан юм. Энэ бүтээл нь 2010 онд Финландын технологийн академиас олгодог “Мянганы технологи” гэдэг олон улсын шагналыг хүртжээ.

“Дэлхийн эрчим хүч” бол нийт хүн төрөлхтний тусын тулд эрчим хүчний эх үүсвэрийг үр ашигтай ашиглах, манай гарагийн экологийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эрдэм шинжилгээ-техник, судалгааны шилдэг бүтээлд олгодог шагнал юм. Шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт үеэр болно. Чуулга уулзалт 2017 оны 6 дугаар сарын 1-3-нд болох ажээ.

“Дэлхийн эрчим хүч” шагналыг анх 2002 онд бий болгосон ба шагналын сан нь 39 сая рубль юм.
О.Барс


 
Холбоотой мэдээ