“Эрдмийн богц” төсөл хэрэгжихээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2017-04-15 16:31:57
Увс /МОНЦАМЭ/ “Эрдмийн богц” төсөл Увс аймгийн Өмнөговь, Ховд суманд хэрэгжихээр боллоо.
Тус төслийг Увс аймгийн Ховд сумын харъяат, Монгол Улсын харцага Г.Намсрайжавын охин Н.Энхчимэг анх санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. 
Төслийн нийт санхүүжилт нь 250 сая төгрөг бөгөөд Австралийн Засгийн газраас 50 хувийг нь санхүүжүүлэхээр болсон байна. Үлдсэн 50 хувийг нь хандивын аргаар босгож байгаа аж. “Эрдмийн богц” төслийн гол зорилго нь алслагдсан сум, багт амьдарч байгаа хөдөөгийн малчин өрхийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход чиглэж байна. Уг төслийн хүрээнд “Унага богц”, “Хурга богц”, “Ишиг богц”, “Тугал богц”, “Ботго Богц” гэсэн багцуудыг шат дараатай хэрэгжүүлэх аж. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхдийн оюун ухаан болоод хэл ярианы хөгжил сайжрах, нийгэмших, эрүүл мэнд, бие бялдарын хөгжил нэмэгдэх давуу талтай байна. Мөн эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цагаа нэмэгдүүлэх, тэднээс суралцах, эрүүл дадал хэвшилтэй болох гэх мэт ач холбогдолтой аж. 
Тус төслийн нээлт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өчигдөр боллоо. Нээлтэнд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтриг, “Эрдмийн богц төсөл”-ийн ахлагч Н.Энхчимэг болон төслийн гишүүд, аймгийн боловсролын салбарын төлөөллүүд оролцсон юм. “Эрдмийн богц”-оо хөдөөгийн малчдын хүүхдүүдийн эрдэм мэдлэг, боловсролд зориулан задалж буй тус төслийн багийнханд аймгийн удирдлагууд ажлын амжилт хүслээ.
Б.Батхүү
 
Холбоотой мэдээ