Хүнсний 615 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгалд оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-18 13:47:19
МХЕГ-аас зохион байгуулсан “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд улсын хэмжээнд 3018 худалдааны цэг, нийтийн хоолны газар болон хүнсний цех, үйлдвэрт шалгалт хийжээ.

Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зорилго бүхий энэхүү аяныг өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд зохион байгуулсан. Энэ үеэр хийсэн шалгалтаар хүнсний аюулгүй байдал, тээвэрлэлт, хадгалалтын горим алдсан зэрэг 12 мянга 944 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 7245 зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд хадагалах хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим алдагдсан зэрэг хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан 615 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ.

Түүнчлэн хүнсний аюулгүй байдлын талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийг сайжруулах сурталчилгааг телевизээр 166 удаа, өдөр тутмын сонинд 26 нийтлэл, 707 сэрэмжлүүлэг түгээжээ.

Мөн аяны хүрээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаарх сургалтыг орон даяар 420 удаа зохион байгуулж, 17269 иргэнийг хамруулсан байна. Түүнчлэн хүнсний чанар стандартын сургалтад давхардсан тоогоор 486 улсын байцаагч, мал эмнэлэг, мал үржлийн хяналтын сургалтад 19 аймгийн 297 улсын байцаагч, 108 сургууль, 86 цэцэрлэгийн 4428 багш ажилтныг хамруулсан байна.

Аяныг зохион байгуулахад мэргэжлийн хяналтын 496 улсын байцаагч, ХХААХҮЯ, УБТЗ, Хүнсчдийн холбоо, Стандарт, хэмжилзүйн газар, “Монгол ногоо” төсөл оролцсон байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ