Монгол Улсын анхны марк, Халхын ноёдын гэрийн бичгийг ЮНЕСКО-д бүртгүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-08 18:02:13

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улс Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг”-ийг тус тус бүртгүүллээ.


ЮНЕСКО-гийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган Улаанбаатар хотноо энэ сарын 7-8-нд болов. Чуулганы үеэр гишүүн улсуудаас бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн 21 өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал нэгтэй бүртгэв. Бүртгэгдсэн өвийн дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг” баримтат өв орсон юм.

Үүгээр манай улс Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад 5 өвийг амжилттай бүртгүүлээд байна.


Өдгөө "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэгдээд буй. 


Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл.

Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн засаг ноёдын угсаа гарлыг Эзэн Богд Чингис хаанаас эх аван хөтөлж, Гэрсэнз Жалайр хунтайжаас эхлүүлэн ноёдын үе дарааллыг тойрог хэлбэрээр дүрсэлжээ.

Голын дугуй хэсэгт Чингис хаанаас Гэрсэнз хүртэл бичээд, үлдсэн хэсгийг хоёр тэнхлэгээр тэнцүү дөрвөн хэсэгт хуваан дөрвөний нэг тус бүрийг Халхын дөрвөн аймагт дараалан хамруулж, Гэрсэнзийн хөвгүүдийн нэрийг эхлэл болгон тэдний удмын зөвхөн засаг ноёдын нэрсийг 1896 он хүртэл бичжээ.

Энэ нь Халхын дөрвөн аймаг, долоон хошуу, Алтан ургийн бүх ноёдыг хамтад нь харуулсан 19 дүгээр зууны ховор нандин бичгийн дурсгал юм. 

Эл гэрийн үеийн бичмэлд Эзэн Богд Чингис хаанаас доош алтан ургийн 30 үеийн 980 хүний нэр орсон, Монголын бараг 700 жилийн түүхийг хамарна.

Монгол Улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 оны 7 дугаар сарын 1-нд гүйлгээнд гаргажээ.

“Элдэв-Очир” буюу “Нацагдорж “ нь дотроо зөрүүлэн байрлуулсан хоёр “Очир”-оос бүрддэг бөгөөд хэзээ ч салшгүй бат бэх, дийлэгдэшгүйн бэлгэдэл болдог. Монгол Улс энэ үед үндэсний мөнгөн тэмдэгтийг хараахан гаргаагүй байсан тул маркийн нэрлэсэн үнийг доллароор илэрхийлэн гаргасан байна. Эдгээр маркийг хэвлэх үеийн технологийн түвшингээс шалтгаалан зарим маркийн өнгө, шивээсний хэмжээ өөрчлөгдөн гарсан байдаг аж.





Баримтат өвийн Ази Номхон далайн бүсийн хорооны Ерөнхий чуулганыг өөрийн оронд зохион байгуулснаар ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн ач холбогдлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, баримтат өвийн хадгалалт хамгаалалтын механизмыг бүтээлчээр ашиглах, олон нийтийн оролцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ