Улаанбаатар, Токио хотын дарга нар уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-04-19 10:56:02

Улаанбаатар./МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 4 дүгээр сарын 17-21-нд Токио хотноо албанёсоор айлчилж байна.

Тэрбээр өнөөдөр Токио хотын захирагч Ю.Койкэтэй уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцах юм.
Айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр Токио хотын "Моригасаки" ус цэвэрлэх байгууламж, Хот тохижилт, хог хаягдлын менежментийн төв, Хүрээлэн буй орчны судалгааны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Хоногт 1 сая 500 мянган тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай "Моригасаки" ус цэвэрлэх байгууламж нь хотын ахуйн болон үйлдвэрлэлээс гарсан бохир усыг химийн аргаар бус бичил биетнүүдийн тусламжтай цэвэрлэж байгальд нь нийлүүлдэг хамгийн том үйлдвэр аж. Тус байгууламж Токио хотын нийт бохир усны 25 хувийг цэвэрлэдэг байна.
Харин Токио хотын захиргааны дэргэдэх Хот тохижилт, хог хаягдлын менежментийн төв нь тус хотын 21 дүүргийн хогийг ангилан ялгаж, хатуу аргаар боловсруулан байгальд булах ажлыг хийдэг юм байна.

Токио хотын Хүрээлэн буй орчны судалгааны төв нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа хийж, судалгааны үр дүнг хотын захиргаагаар дамжуулан эрх бүхий байгууллагуудад тайлагнадаг ажээ.

 

Ш.Батболд. Токио хот.

Холбоотой мэдээ