Токио хотын дарга, хатагтай Юрико Койкэг Улаанбаатарт айлчлахыг урив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/ Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 4 дүгээр сарын 19-нд Токио хотын дарга Юрико Койкэтэй уулзлаа.
Хатагтай Юрико Койкэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг Токио хотод айлчилж буйд талархал илэрхийлээд тавтай морилохыг хүслээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Токио хотын Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн жилд Токио хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол орныг сайн мэдэх, Монголчуудын сайн танил хүн Токио хотын Засаг дарга болсонд бид бүхэн таатай байдаг. Найрсаг харилцаатай Япон улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Улс хоорондын харилцааны чухал суурь нь иргэд хоорондын харилцаа байдаг. Монгол, Япон улс, тэр дотроо Улаанбаатар, Токио хотуудын иргэдийн харилцааг хөгжүүлж, бэхжүүлэх, ах дүүгийн харилцаат хот болгох ажлыг Та бид хоёр хотын захирагчаар ажиллаж буй энэ цаг үед эрчимжүүлж, улмаар иргэдийнхээ хүсэл эрмэлзэлд тулгуурлан харилцааг шат ахиулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байна” гэв.
Тэрбээр цааш хэлэхдээ “Улаанбаатар хот Москва, Бээжин, Сөүл, Пхеньян зэрэг дэлхийн 30 гаруй хоттой эгч дүүгийн болон найрамдалт харилцаатай. Зүүн хойд Азийн бүс нутаг дахь хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулахыг зорьж, Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Тус форумд Бээжин, Тянжин, Сөүл, Москва, Эрхүү, Пхеньян зэрэг 20 гаруй хотын дарга болон орлогч дарга нар оролцож байсан. Энэ жилийн форумд Токио хотын захиргааны төлөөлөл оролцоно хэмээн найдаж байна. Энэ удаагийн айлчлалыг үр өгөөжтэй болгоход Токио хотын захиргаа болон Гадаад харилцааны газрынхан анхаарч, хамтран ажилласанд талархал илэрхийлье” хэмээгээд Токио хотын Засаг даргыг тааламжтай цагтаа Улаанбаатар хотод айлчлахыг урив.
Хатагтай Юрико Койкэ “Улаанбаатар хот хөгжиж байгаа хот. Тийм учраас дэлхийн томоохон хотуудын адил тулгамдсан олон асуудал бий. Цаашид Улаанбаатар хоттой хамтран ажиллах хүсэлтэй байна. Хэдэн жилийн өмнө Япон улсад байгалийн гамшиг болоход Монгол Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй туслалцаа үзүүлсэн. Үүнд талархаж явдгаа илэрхийлье” гээд хоёр хотын харилцааг бүх талаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн Токио хот 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилдаа хэдийнэ орсныг дурдаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод Токиогийн олимпийн бэлгэ тэмдэг бүхий энгэрийн тэмдэг дурсгав.
Токио хот нь 13.5 сая хүн амтай бөгөөд хотын Засаг дарга Юрико Койкэ нь 1971 онд Квансэй Гакуин их сургууль, 1976 онд Египет улсын Каирын их сургуулийг тус тус төгссөн, социологи, нийгэм судлаач мэргэжилтэй, Японы "Hippon", "Tokyo" телевизүүдэд хөтлөгчөөр ажиллаж байв. Тэрбээр 1992 оноос улс төрд орж Японы Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчийн танхимын гишүүн, Байгаль орчны сайд, Батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байгаад 2016 оны 8 дугаар сараас Токио хотын Засаг даргаар сонгогджээ.
Хатагтай Юрико Койкэ Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байжээ.
Ш.Батболд. Токио хот.