Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг хянахад иргэдийн бодит оролцоог бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-20 10:25:22
Увс /МОНЦАМЭ/ Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсын 10 аймаг, Нийслэлийн гурван дүүрэгт “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд Увс аймаг бас сонгогджээ. Энэ төсөл нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон сумдын Эрүүл мэндийн төвүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагаа, гэрээний хэрэгжилтэд иргэдийн оролцоо, хөндлөнгийн хяналт бий болгохыг зорьж байгаа аж.
“Хамтын Х.Ү.Ч” нэрийн дор хэрэгжих энэхүү дэд төслийг Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-аас орон нутгийн Өсвөр үе Ирээдүй Увс төв ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэ төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах талаар аймгийн ЭМГ-ын даргаас тодрууллаа. Увс аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр, "Энэ төслийн гол зорилго нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нээлттэй болгох, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг ард түмэнд ил тод болгох явдал юм. Төслийн хүрээнд Увс аймгийн эрүүл мэндийн салбар Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-тай хамтраад олон ажил хийх гэж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагаа зохих ёсоор хуулийн хүрээнд явагддаг боловч хөндлөнгийн хяналт байхгүй байсан. Энэ төсөл орж ирснээр худалдан авах үйл ажиллагаа илүү өргөжиж, бас хөндлөнгийн багийг ажиллуулж хяналт тавихаар болж байна. Мөн нийлүүлэгч компаниудын дунд шударга өрсөлдөөн байна уу, үгүй юу гэдгийг хянаж байгаагаас гадна эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах Үнэлгээний хороо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянана. Эцсийн дүндээ ард түмэнд үйлчилгээ үзүүлэх чанартай, боломжийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нөхцөл боломж бүрдэх юм. Бид 2017 оныхоо эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг зарлаад татан авалтаа хийчихсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмийн тасалдалт байхгүй, урвалж бодис, оношлуурын дутагдалгүй явж байна. Цаашдаа бид юун дээр анхаарах вэ гэвэл төлөвлөж авсан эм, эмнэлгийн хэрэгслийг жигд хуваарилах, ялангуяа аль сар, улиралд нь илүү эм тавих вэ гэдэг эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлага байгаа. Цаашдаа энэ төслийн хүрээнд олон сайхан үр дүн гарна гэж итгэж байна" гэлээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ