Прокурорын байгууллагын үйл ажиллагаа хүний эрхийг хамгаалахад чиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-20 16:29:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Хуулийн төсөлд тус байгууллагын үйл ажиллагаа хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан байх, прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан О.Баасанхүү гишүүн прокуроруудын өөрсдийнх нь хууль зөрчсөн үйллүүдийг хөндлөнгийн байгууллагуудаар шалгуулах зохицуулалт оруулж болох эсэхийг тодруулав. Ажлын хэсгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд энэ талаар заалт оруулсан гэсэн тайлбар өглөө.

2003 оны хуулийн хэдэн заалтад өөрчлөлт оруулж байгааг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодруулав. Мөн тэрбээр, “Прокурорын байгууллага үйл ажиллагаандаа бүрэн өөрчлөлт хийх хэрэгтэй. Прокурор төрийн төлөөлөл байж, хүний эрхийг хамгаалах хамгийн том эрх мэдэлтэй байгууллаг. Гэтэл одоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаахад хяналт тавьдаг, яллагч болоод байна. Энэ буруу” хэмээв. Өмнөх хуульд заасан байсан прокуроруудын нийгмийн баталгаатай холбоотой бүхий л заалтад өөрчлөлт орж байгаа хэмээн Ажлын хэсгээс хариуллаа. Мөн Үндсэн хуульд прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, яллах дүгнэлт үйлдэхээр заасан. Үүнийхээ дагуу ажиллаж байгаа гэлээ.

Прокурор хүний эрхийг хамгаалахад шүүх хуралд ямар үүрэгтэй оролцохыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тодруулсан. Прокурор хүний эрх эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд сэргээх арга хэмжээ авахаар тусгасан хэмээн Ажлын хэсэг хариуллаа. Мөн прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон прокурорын шийдвэр хуульд хориглосноос бусад тохиолдолд ил тод, нээлттэй байхаар тусгасан хэмээв.

Прокурорын тухай хуулийг баталснаар Эрүүгийн болон зөрчлийн тухай болон Захиргааны хэргийн тухай зэрэг олон хууль хэрэгжиж эхэлнэ. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлах хэрэгтэй гэсэн саналыг Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар нарын гишүүд хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулган өндөрлөв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ