“Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017“-д Ховдын 10 гаруй байгаль хамгаалах нөхөрлөл оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-25 09:20:55
Ховд /МОНЦАМЭ/ Монгол улсын Ерөнхий  сайдын ивээл дор  зохион  байгуулсан  Байгаль  хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулганыг угтсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017“  үзэсгэлэн- худалдаа  04 сарын 20-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд гарсан юм.
“Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017“ үзэсгэлэн-худалдаанд Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр, мэргэжилтнүүд, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, Сумдын байгаль хамгаалах нөхөрлөлийн 10 гаруй төлөөлөл гэх мэт 22  хүний бүрэлдэхүүнтэй  оролцож  малын гаралтай арьс, шир, эсгийгээр урласан бүтээгдэхүүн болон монгол хувцас, модон эдлэлүүдийг дэлгэн  харуулсан юм.  
Тус үзэсгэлэн-худалдаанд оролцсон Ховд аймгийн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөлтэй  уулзахад, Чандмань сумын “Жаргалант–Оргил” нөхөрлөлийн гишүүн Ц.Бүжинлхам: “Манай нөхөрлөл  2015 онд байгуулагдсан. 15 өрхийн 72 гишүүнтэй. Байгалиа унаган төрхөөр нь хамгаалах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч, байгаль, ан амьтанд ээлтэй өрхийг шалгаруулан ажилладаг.  Нөхөрлөлийн  1  гишүүн нь  жилд 500 мянган төгрөгийн орлого олдог. Мөн жилд 2 удаа Ирвэс  хамгаалах санд бүтээгдэхүүнээ өгч, ангийн зөрчил гаргаагүй  тохиолдолд  20 хувийн  урамшуулал авдаг. Энэхүү  арга  хэмжээнд  нөхөрлөлөө  төлөөлөн  оролцож  өөрсдийн  хийсэн бүтээгдэхүүнээ  танилцуулж,  зарж  борлуулж  байгаадаа баяртай байна”  хэмээн  ярьсан юм.
Мөн Цэцэг сумын “Булган үзүүр-Рашаант” нөхөрлөлийн гишүүн Л.Занданбазар нөхөрлөлийнхөө үйл ажиллагаагаа  танилцуулахдаа , ““Булган үзүүр-Рашаант” нөхөрлөл нь аялал жуулчлал, мал аж ахуйн түүхий эд боловсруулан борлуулах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх зэргээр үйл ажиллагаа  явуулдаг. 8 өрхийн  18 гишүүнтэй. Нөхөрлөлийн малчид болон бусад өрхүүд нь мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ төрсөн нутгийнхаа үзэсгэлэнт байгалийг хамгаалах, экологид ээлтэй бүтээгдэхүүн борлуулах  замаар  бусдаас хараат бусаар өрхийн  амьжиргааг дээшлүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна байгаль хамгаалах үүргийг багаас нь иргэн бүрт өвлүүлэхэд анхаарч Сумын Боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөсөн. Бид нутгийн Байгалийн дурсгалт газрууд, нэн ховордож буй амьтдыг хамгаалахын зэрэгцээ байгалийн баялгийг зөв зохистой ашиглахыг зорьдог” хэмээсэн юм.
Улсын хэмжээнд өрнөсөн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулганы зохион байгуулагчид нь 21 аймгийн оролцогч тус бүрд 2 ширхэг  шувууны  үүр  хийж  ирэх  даалгавар өгсөн байдаг. Ховд аймгийн байгаль хамгаалах нөхөрлөлүүд нийт 44 ширхэг шувууны үүр хийж “Экологид  ээлтэй бүтээгдэхүүн-2017“ үзэсгэлэн-худалдааны үеэр хүлээлгэн өгсөн тухай БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Мөнхдолгор мэдээлэв.   
Энэхүү үзэсгэлэн–худалдаа нь нөхөрлөлүүдийн үйл ажиллагаагаар дамжуулан байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг  сурталчилах,  нөхөрлөлийн  гишүүд  өөрсдийнхөө  мал аж ахуйн  түүхий эд болон мод ашиглан хийсэн  бүтээгдэхүүнийг борлуулах, үйл ажиллагаагаа бусдад түгээх,  байгалиа  унаган төрхөөр нь хамгаалах, хайрлах, зан заншил, түүх, ахуйн соёлоороо бахархах сэтгэлийг олон нийтэд төлөвшүүлэх зорилготой байлаа.
А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ