29 дүгээр тусгай сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-26 10:39:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД С.Батболдын захирамжаар ажлын хариуцлага алдсан 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлөв.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд мэдээлэл хийв. БСШУС-ын сайдын тушаалаар 29 дүгээр сургуульд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт өчигдөр буюу энэ сарын 25-нд Нийслэлийн удирдлагуудад иржээ. Дүгнэлтийн дагуу НЗД С.Батболд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох, алдаа дутагдал, зөрчлийг арилгах ажлын хэсгийг байгуулсан байна.

Уг ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуульд хяналт шалгалт хийх аж. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, НМХГ, МҮЭХ, ХЭҮК, “Хүүхдийг ивээх сан” олон улсын ТББ-ын Монгол Улс дахь салбар, “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөл багтжээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчил сонирхсон асуултад хариулт авав.

-БСШУСЯ-ны Ажлын хэсгээс 29 дүгээр сургуулийн захирлыг ямар зөрчил гаргасан гэж үзсэн бэ?

-Нийслэлийн хууль, эрхзүйн хэлстийн дарга А.Даваажаргал: Б.Батсайхан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байна. Сурагчдад бэлгийн дарамт үзүүлсэн болон бусад асуудлыг Цагдаагийн байгууллага шалгах ёстой.

-Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн үү?

-Нийслэлийн хууль, эрхзүйн хэлстийн дарга А.Даваажаргал: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа.

-ЕБС-иудын аюулгүй байдлыг хангах, албан хаагчдын үйл ажиллагаанд нь хяналт тавих үүднээс камер суурилуулсан. Тусгай сургуулиудад камержуулахаас илүү хяналт тавих боломж байдаг уу?

-Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл: Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн 90 хувьд камер суурилуулсан.ЕБС-иудад камер суулгах ажил үргэлжилж байгаа. Боловсролын тухай хуульд тусгай сургуульд илүү хяналт тавина гэсэн заалт байхгүй.

-29 дүгээр тусгай сургуульд өмнө нь шалгалт хийж байсан уу?

-Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл: Тусгай сургуулиудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт явуулдаг. Өмнөх шалгалтуудаар хэд хэдэн зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулсан.

-Тусгай сургуулийн сурагчид анх дохионы хэлний мэргэжлийн багштай болох шаардлага тавьсан. Энэхүү шаардлагыг хэрхэн биелүүлэх вэ?

-Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл: Тусгай сургуулийн багш нарыг таван үзүүлэлтээр шалгуулдаг. БСШУСЯ-наас 29 дүгээр сургуулийн багш нараас шалгалт авсан. Шалгалтын дүнгээр 21 багшийн 9 нь хангалттай, 12 нь хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Манай ажлын хэсгээс цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулж нийслэлийн удирдлагуудад танилцуулна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ