Овог аймгуудын газар нутгийг дээрэмдэж байгааг “Ногоон Нобель”-ийн шагналтан шүүмжиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-26 11:51:03
ШИНЭ ДЕЛИ. /VOA/.  Голдманы байгаль орчны шагналын /Goldman Environmental Prize/ эзэн, газрын эрхийн төлөө тэмцэгч Энэтхэгийн иргэн Прафулла Самантара ярихдаа “Энэтхэг улс ядуу буурай овог аймгуудад учирч болох сүйрлийг үл тооцон, уул уурхайн ашгийн төлөө нутгийн иргэдийн газар нутгийг дээрэмдэж байна” гэж шүүмжиллээ.
 
Өдгөө 66 настай Прафулла Самантара бол Энэтхэгийн зүүн нутгийн Одиша мужаас гаралтай бөгөөд “Ногоон Нобель” гэдэг нэр хүндтэй шагналыг энэ онд хүртсэн зургаан хүний нэг юм.

Энэтхэгийн овог аймгуудын газар нутагт хөнгөн цагааны хүдэр олборлож байсан үндэстэн дамнасан корпорациудын эсрэг шүүхдэж, ялалт байгуулсныг нь үнэлэн уг шагналыг түүнд олгосон байна. Прафулла шагнал авсандаа баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу Энэтхэгийн овог аймгуудад уул уурхайн компаниуд аюул учруулсан хэвээр байгааг сануулжээ.
 
Энэтхэгийн овог аймгууд нь тус улсын 1.3 тэрбум хүн амын 10 хувийг эзэлдэг боловч ихэнх нь алс бөглүү нутагт газар тариалан, мал аж ахуй эрхэлж, ойгоос түүхий эд цуглуулан борлуулж амьдардаг байна.

Эдгээр овог аймгуудын ихэнх нь ашигт малтмалаар баялаг Одиша, Мадхья Прадеш, Чхаттисгар, Жарханд зэрэг мужуудад байдаг бөгөөд уул уурхайн төслүүд эрчимжихийн хэрээр уугуул нутгаасаа хөөгдөх аюул тэдэнд нүүрлэж байгаа юм.
 
10 гаруй жилийн өмнө батлагдсан Ойн эрхийн тухай хуулиар тэдний газар нутгийг хамгаалдаг боловч овог аймгийнхны ихэнх нь үүнийг мэддэггүй учир газар нутгаа алдсаар байна.   
 
Х.Сарнай 

 

 

Холбоотой мэдээ