Дорнодын залуус “Хөгжлийн хөтөлбөр”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-27 13:44:26
Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн ИТХ-аар Дорнод аймгийн “Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. 
Дээрх хөтөлбөр 4 жилийн хугацаатай хэрэгжинэ. Энэ хугацаанд орон нутгийн залуучуудын хөгжлийг дэмжиж, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар эрүүл бие бялдартай, эх нутагтаа ажиллаж хөдөлмөрлөх, бүтээлч хариуцлагатай, амьдрах ухааны чадвартай залуу үеийг төлөвшүүлэхээр зорьж байгаа юм.
Тус аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилтод “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан зэрэг хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн бодлого боловсруулан хэрэгжүүлж, тэдэнд ээлтэй төрийн үйлчилгээг нэмэгдүүлнэ” гэж тусгасан. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу ажлын хэсэг томилогдон залуучуудаа хөгжүүлэн дэмжих бодлогыг боловсруулжээ.  
Дорнод аймгийн хувьд нийт хүн амын гуравны нэгийг залуучууд эзэлж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ