Шинэ сургууль үйл ажиллагаагаа эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-27 17:31:16
Дорноговь /МОНЦАМЭ/. Одоогоос дөрвөн жилийн өмнө улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шавыг нь тавьж байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн барилгын ажил дуусчээ.
Барилгын ажил, засал чимэглэл, тохижилт үйлчилгээ бүрэн дууссан тул сургууль  энэ оны дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тус сургууль 960 хүүхдийн багтаамжтай хэдий ч  Замын-Үүдийн I, II сургуулиас  нийт 1147 сурагч хүлээн авч, батлагдсан орон тооны дагуу 87 багш, ажилтантай ажиллаж  буй.
110 хүүхдийн номын сангийн танхимтай, 190 хүүхдийн багтаамжтай урлагийн заалтай, бүх анги танхим нь дотроо угаалтууртай, зургаан настнуудад тохирсон 00-той төдийгүй балчир настнуудыг анги руугаа чөлөөтэй, шахалдахгүй оруулах зорилгоор гадна талаасаа ордог хаалга хийж өгчээ.  "Сургуулийнхаа албан ёсны нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Сургалтын чанарыг ахиулж, номын сангийн уншлагын танхимаа түшиглэн бүх хүүхдийг номонд дуртай болгох, ном уншуулж сургахад анхаарч ажиллана" хэмээн тус сургуулийн захирал Д.Ариунаа ярив.    

Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ