Монгол туургатан боксын тэмцээн 12 дугаар сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-26 13:30:17

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс Монгол туургатаны боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо ирэх 12 дугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Дэлхийн 196 орныг нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатаны хэмжээнд хөгжүүлж, таниулан сурталчилах анх удаагийн энэ тэмцээнийг тус нийгэмлэгтэй Монголын боксын холбоо дэмжин хамтран зохион  байгуулж байгаа бөгөөд Зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм.

Тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA-гийн дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тус тэмцээнд 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцоно.

Тэмцээний шагналын сан нь  Азийн орнуудын дунд болсон тэмцээнээс өндөрт тооцогдох мөнгөн шагналтай юм. Тухайлбал, 6 жин тус  бүрд цомын эздийг тодруулна. Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой  шилжин явах алтан цомыг гардан авах юм. Мөн жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болж, хоёрдугаар байрт мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байрт хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагналын сантай.

Д.Өлзий

Холбоотой мэдээ