Шүүхийн ажилтан үйлчлүүлэгчдийн хөтөч болж буй нь сайн жишиг гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-01 15:27:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр Орхон аймаг дахь шүүхэд ажиллаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Иргэдийг шүүхийн "Хөтөч туслах” угтаж заавар, зөвлөгөө өгч байгааг Ч.Өнөрбаяр зөвлөх олзуурхан "Хууль зүйн туслалцаа хүссэн иргэд хаана, хэнд хандахаа тэр бүр мэддэггүй. Шүүхийн ажилтан үйлчлүүлэгчдийнхээ хөтөч болж байгаа нь сайн жишиг” гэлээ. Иргэдэд үйлчлэх танхимд "Хөтөч туслах”-аас гадна Мэдээлэл, лавлагааны ажилтан иргэдэд үйлчилж байв. Мөн ухаалаг самбарын тусламжтай ШЕЗ болон Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой. Ухаалаг самбараар мөн www.shuukh.mn цахим хуудаснаас шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг бүрдүүлжээ. Иргэд шүүхээс хүссэн мэдээллээ авах боломжийг гурван төрлөөр бүрдүүлж өгсөн нь шүүх нээлттэй, үйлчилгээний байгууллага болсны илрэл гэж үзэж байгаагаа Ч.Өнөрбаяр зөвлөх илэрхийлсэн юм.

Шүүхүүдэд "Хүүхэд хамгааллын өрөө” тохижуулсан. Хүүхэд шүүх хуралдаанд оролцох шаардлага гарвал нас, сэтгэхүйд нь зориулан тохижуулсан "Хүүхэд хамгааллын өрөө”-нөөс мэдүүлэг өгнө. Тухайн хүүхдийн өгч буй мэдүүлэг шүүх хуралдааны танхимд шууд гарч байхаар онлайн холболт хийжээ. Мөн шүүх хуралдааны танхимд онлайнаар хуралдаан хийх төхөөрөмж суурилуулсан, шүүх хуралдааны бичлэг архивлагдаж байгаа зэрэг нь Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үр дүн гэдгийг Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун танилцуулгадаа онцлов. "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” ашиглалтад орсноор хуулийн бусад байгууллагатай мэдээлэл солилцох боломж бүрдсэнийг шүүгчид мөн танилцууллаа.

 

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ Орхон аймаг дахь шүүхэд амжилттай хэрэгжиж буй. Эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэгийн танилцуулснаар он гарсаар 248 өргөдөл хүлээж авсны 210-ыг нь шийдвэрлэжээ. Тэдгээрийн 155 нь эвлэрч, шүүхээр маргаанаа шийдүүлэх шаардлагагүй болсон. Ингэснээр Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачааллыг 35 хувиар бууруулжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Орхон аймаг дахь шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудтай уулзахдаа "Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлаа иргэдэд танилцуулж байгаа. Зүүн бүсийн аймгуудыг төвлөрүүлж Дорнод аймагт сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ удаад Ерөнхийлөгч Орхон аймагт ажиллахад Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхийн хувьд шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, та бүхэнтэй уулзаж байна. Шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцахад хуулийн бусад байгууллагатай харьцуулахад шүүх иргэдэд илүү нээлттэй болж, өөрчлөлт гарсан нь харагдлаа.Орхон аймаг дахь шүүх иргэдэд мэдээлэл өгдөг "Хөтөч туслах”, ухаалаг самбар ажиллуулж байгаа нь сайн хэрэг. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ шүүхийн ачааллыг маш сайн бууруулсан статистик танилцууллаа. Шүүхийн тамгын газраас шүүхэд итгэх иргэдийн итгэлийг тогтмол судалдаг нь маш сайн ажил. Иргэдийн итгэлийг судалж, түүндээ мониторинг хийж ажилтайгаа уялдуулж байгааг олзуурхаж байна” гэлээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаярын танилцуулснаар иргэн, эрүүгийн хэргийн шүүхийн ачаалал харьцангуй их. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдэгдэж байгаа дийлэнх маргаан зээлтэй холбоотой байгааг Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн танилцуулсан юм.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийсний дараа Орхон аймаг дахь шүүхийн 1800 гаруй номтой номын санг Ерөнхийлөгчийн зөвлөх "Шүүхийн шинэтгэл, үр дүн” номоор аривжууллаа Шүүхийн олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ