Хятад, Лаос, Мьянмар, Таиланд гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-26 16:34:17

БЭЭЖИН. /TASS/. Хятад, Лаос, Мьянмар болон Таиланд улсын хууль сахиулах байгууллагууд Меконг мөрөн хавиарх хил орчмын бүс нутагт мансууруулах бодисны наймаа болон хууль бус цагаачидтай тэмцэх хамтарсан төв байгуулахаар шийджээ. Энэ тухай "Чайна дейли" сонины цахим хувилбарт мэдээлсэн байна.

“Меконг мөрөн орчмын бүс нутагт аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагааны салбарт хамтран ажиллах цогц төв 2016 онд үйл ажиллагаагаа явуулж эхлэх бөгөөд Хятадын баруун хойд нутгийн Юньань мужийн Зинхун хотод байрлана” гэж тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан газрын дарга Ляо Зиньжун хэлснийг тус сонинд уламжилжээ. “Тус төвийн гол үйл ажиллагаа нь тагнуулын мэдээлэл солилцох, мөрдөн шалгах ажиллагаа болон хамтарсан ажиллагаа явуулах, мөн тусгай хөтөлбөр боловсруулах юм” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Шинэ байгууллагын тэргүүнийг нэг жилийн хугацаатайгаар дээрх дөрвөн орны төлөөлөгчдөөс томилох аж. Мөн тус төвийн төлөөлөгчийн газрыг Лаос, Таиланд болон Мьянмар улсад нээж, мэргэжилтнүүд нь олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүдийн талаарх мэдээллийг цуглуулан солилцож, дүн шинжилгээ хийх аж.

Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас мэдээлснээр, сүүлийн жилүүдэд хил орчмын бүсэд цагаачдыг хууль бусаар хил давуулах, мансууруулах бодисны наймаа болон терроризмтой холбоотой гэмт хэргийн тоо өссөн учраас дөрвөн орны хууль сахиулах байгууллагууд энэ зохицуулах төвийг байгуулах шийдвэр гаргасан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ