Нэгэн гэр бүлийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-01 16:53:41
Өмнөговь /МОНЦАМЭ/ Орон нутгийн өмчит Тавантолгой ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус аймгийн Ханхонгор сумын нэгэн айлыг иж бүрэн таван ханатай гэртэй болголоо.
Тус аймагт энэ оны эхэнд буюу нэгдүгээр сард онц хүнд гэмт хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Уг хэргийн хохирогч охины аав ээж нь өөрийн гэр, машин гээд хамаг эд зүйлээ зарж борлуулан охиныхоо эмчилгээнд зориулсан юм. Тэдний таван ам бүл хоёр сар гаруй хугцаанд ах дүү нарынхаараа амьдарч байсан бөгөөд "Элсэн сарай" эмэгтэйчүүдийн клубынхэн санаачлан сайн үйлсийн аян өрнүүлснээр ийнхүү өөрийн гэсэн орох орон гэртэй болгожээ. 

Сайн үйлсийн аянаар Р.Сэддорж захиралтай орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн уурхайчин хамт олон гэр авч өгсөн бол "Монгол гэр" дэлгүүрийнхэн 2 сая 900 мянгын үнэтэй гэрээ 2 сая хүртэл хямдруулан сайн үйлсэд нэгджээ. Мөн аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаагийн албан хаагчид, Хан-Уул зочид буудал, Говь эрдэнэс групп, Нүнжиг мужаан цех, Мандал, Хулан, Түшиг зэрэг дэлгүүрүүдээс гадна аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайхан, Апу ХХК-ийн Өмнөговь дахь төлөөлөгч н.Хулан, иргэн Г.Одгэрэл нарын хувь хүмүүс дээрх аянд нэгдэн гэр доторхи дэвсгэр, тавилга, цахилгаан хэрэгслийн зүйлээр туслан гэрийг нь барьж тохижуулан өгчээ. 
Тухайн өрхийн залуухан гэр бүлийн хоёр уурхайн аман дээр гэр гуанз ажиллуулдаг байсан бөгөөд охиноо эмчилгээнд авч явахдаа гэрээ иж бүрнээр нь зарчихсан "Бурханы авдар"-аас өөр зүйлгүй үлдсэн байжээ.
Ийнхүү говь нутгийн нэгэн залуу гэр бүлийнхэн гурван хүүхдийнхээ хамтаар тав тухтай орчинд халуун ам бүлээрээ амьдрах боломжийг бүрдүүлэн өглөө.
Д.Мишигсүрэн 

Холбоотой мэдээ