Зүрхний төрөлхийн гажигтай зургаан хүүхэд БНСУ-д үнэгүй эмчлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-02 11:36:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүрхний төрөлхийн гажигтай зургаан хүүхэд БНСУ-д ирэх сард үнэ төлбөргүй мэс засал хийхээр болжээ. 

Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн эдгээр хүүхдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, эмчлүүлээд эрүүл саруул болоод ирэхийг ерөөж гарын бэлэг гардуулав.

Тэдний мэс засал, эмчилгээний зардлыг БНСУ-ын “Сэлвэшн Арми” хариуцаж байна. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлжээ.

Эрүүл мэндийн сайд тус байгууллагын төлөөлөлтэй уулзаж талархал илэрхийлээд, цаашид Монгол Улсад зүрхний мэс засал хийх боломж бололцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ