Дорноговийн цэргүүд албаа нэр төртэй хаагаад нутагтаа ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-04 17:40:53
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгаас Сүхбаатар аймгийн Онгон сумын  хилийн 0184 дүгээр  ангид  алба  хаасан дайчид  албаа нэр төртэй хаагаад нутагтаа ирлээ.Тэднийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын  хамт олон болон аав ээж, ах дүү, ахмад буурлууд, хамаатан садан, найз нөхөд, хань, гэр бүл үр хүүхэд нь Сайншанд сумын төв талбайд угтав. 
Дайчин цэргүүдэд зориулж уран бүтээлчид, дуучид ая дууны цэнхэр хадаг өргөн барилаа. Залуус 2016 оны тавдугаар сараас 2017 оны тавдугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд үүрэгт албаа нэр төртэй хаажээ. Тэднийг үүрэгт албаа нэр төртэй гүйцэтгэж нутаг ус, аав ээжийнхээ нэрийг өндөрт өргөсөн хэмээн  Онгон сумын Хилийн  0184 дүгээр ангийн захирагч Хурандаа Х.Гантулга онцлон магтсан.
Эх орныхоо наран мандах зүг, торгон хилийн  харуул дээр үүрэг гүйцэтгээд ирсэн цэрэг дайчдад хандаж Дорноговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын дарга, хурандаа Л.Баатар хэлэхдээ, "Залуус та бүхэн албаа нэр төртэй хаалаа. Баяр хүргэе. Цаашид цэргийн үүрэгтний бүртгэлдээ жил бүр тогтоосон хугацаанд хамрагдаж байх, биеэ зөв авч явах, архи дарснаас хол байх, сурч боловсорч, ажил хөдөлмөр хийж, амьдрал ахуйгаа цогцлоож, эх орны идэвхтэй иргэн байхыг  захъя" гэв. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ