Mongoliax.mn сайт ёс зүйн алдаа гаргасныг Хэвлэл мэдээллийн зөвлөл тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 10:19:01

Өнгөрсөн пүрэв гарагт болсон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хурлаас Mongoliax.mn сайт энэ оны есдүгээр сарын наймны өдөр “Халхын шоронгийн хаан Нямлхагва өөрийнхөө булшны нүхийг өөрөө ухсан нь” хэмээх нийтлэлийн дор огт хамаагүй иргэний зургийг байршуулснаараа ёс зүйн алдаа гаргасныг тогтоолоо.

Зургийг нь нягтлалгүй нийтэлсэн нь түүнийг дээрэм тонуул, зандалчлах гэмт хэргээр олон жилийн ял авсан, Авдрантын шоронд гэмт хэрэг үйлдсэн мэтээр нийтэд ойлгогдож, улмаар нэр хүндэд нь халдаж, гүтгэн доромжилсон үйлдэл хэмээн иргэн Н Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандсан юм.

Харин Mongoliax.mn сайтынхан “Хүссэн хэрэглэгч фэйсбүүк эрхээрээ манай сайтад мэдээлэл оруулдаг флатформын хэлбэрээр бүтээгдсэн учир хэрэглэгчийн оруулсан мэдээлэлд манай сайт хариуцлага хүлээхгүй. Бид зөвхөн хэрэглэгчийн нийтэлсэн мэдээллийг нягтлан засах эсвэл устгах эрхтэй. Энэ тохиолдолд манай сайт шаардлагатай гэвэл залруулга нийтэлж болно” гэсэн тайлбарыг Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн болно. Улмаар тэд зургийг нь сольсноос өөр ямар нэгэн зүйл хийгээгүй байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо иргэний гомдлыг үндэслэлтэй хэмээн хэлэлцээд тус нийтлэл нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1 дэх заалт буюу  “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлээ.

Улмаар дээрх дүгнэлтийг үндэслэн “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ынхаа дагуу тус сайтыг нэрийг дурьдаж зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх шийдвэрийг Сонин Сэтгүүл Сайтын Ёс зүйн хорооноос гаргасан юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ