"Эрдмийн хишиг" аян өнөөдөр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-06 09:31:31
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд "Эрдмийн хишиг" аян өнөөдөр болж байна.
Ардын боловсролын тэргүүний ажилтан Х.Гочигринчин багшийн нэрэмжит уг арга хэмжээг 9 дэх жилдээ ийнхүү тус сумын ерөнхий боловсролын сургууль амжилттай зохион байгуулж байна. Үндэсний хэл бичгийн уг аянд тус аймгийн монгол хэлний багш нар, бага ангийн багш нарын төлөөлөл, 1-9-р ангийн сурагчид мөн монгол бичиг сонирхогчид оролцож байгаа юм. 
"Эрдмийн хишиг" аян хүндэт зочид сүү өргөх ёслолоор эхэлж, Цогт-Овоо сумын хүүхдүүдийн урлагийн тоглолтоор оролцогдынхоо мэлмийг мялаан, багш сурагчдын олимпиадаар үргэлжилж байна.
Аянд Монгол улсын боловсролын их сургуулийн багш нар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Уг арга хэмжээг Х.Гочигринчин багшийн үр хүүхдүүд, аймгийн болон сумын ЗДТГ, түүний уугуул нутгийн иргэд дэмжин хамтран оролцдог ажээ. 
Х.Гочигринчин багш нь 1944 онд Цогт-Овоо сумын Хавтгайн тээг гэдэг газар төрсөн бөгөөд говь нутгийнхаа хүүхдүүдэд эх бичиг соёлоо өв үлдээхэд онцгой анхаарч үндэсний бичиг соёлоо дээдлэж явсан нэгэн билээ. Энэ жилийн "Эрдмийн хишигч" аянг  уран уншлага, цэвэр бичиг, цээж бичиг, бийрэн бичлэг зэрэг 10 төрлөөр зохион байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээ маргааш өндөрлөнө.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ