Эд зүйлийн хэлбэрийг “хардаг” хиймэл гар зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-08 12:22:10
МОСКВА./TASS/. Их Британийн инженерүүд аливаа объектын хэлбэр хэмжээг автоматаар тодорхойлдог, тэдгээрт “зохицдог” хиймэл гарыг /протез/ турших гэж байна. Тэдний энэ бүтээлийн талаар “Journal of Neural Engineering” сэтгүүлд нийтэлжээ.

Ньюкасл хотын их сургуулийн Газал Газеи тэргүүтэй хэсэг эрдэмтэд 500 гаруй янз бүрийн ахуйн объектын хэлбэр, хэмжээ, байрлалыг таньж мэдэн түүнийг барих дөрвөн хувилбараас нэгийг нь сонгон барих чадвартай нейрон сүлжээг “дасгалжуулан сургажээ”. Эрдэмтдийн бүтээсэн бионик гар нь камераар тоноглогдсон ба уг камер нь эд зүйлийн зургийг дарж, улмаар түүнд суулгасан компьютер нь хэдхэн долийн дотор хуруу, сарвууны хөдөлгөөнийг тохируулдаг байна.

“Хиймэл мөч сүүлийн 100 жилд бараг өөрчлөгдөөгүй, тэдгээрийн хийц нь сайжирч, материал нь хөнгөн болсон хэдий ч ажиллагаа нь хэвэндээ. Компьютерийн харааг ашиглан бид объектыг автоматаар мэдэрч чаддаг хиймэл гарыг зохион бүтээсэн. Энэ хиймэл гар нь объект руу хармагцаа л яг л хүний жинхэнэ гар шиг аяга, печень зэргийг барьж чадна” хэмээн зохион бүтээгчдийн нэг болох Киануш Назарпур ярьж байна.

Судалгааны нийтлэлд бичсэнээр, одоогийн байдлаар уг хиймэл гарыг сайн дурын хоёр хүн дээр туршаад байгаа аж. Нэг цаг сургуулилт хийхэд туршилтад оролцогчид өгөгдсөн даалгаврыг 88 хувийн амжилттайгаар гүйцэтгэжээ. Одоо мэргэжилтнүүд Ньюкасл хотын эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд дээр туршилт хийхээр төлөвлөж байна.

К.Назарпурын онцолсноор, инженерүүд “зөнгөөр мэдэрдэг” хиймэл эрхтэн зохион бүтээж чадсан аж. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар, тэдний энэ бүтээл нь ердийн хиймэл эрхтэн ба эд зүйлийн гадаргуу, түүний температурын талаарх мэдээллийг хэрэглэгчийн тархинд шууд дамжуулдаг “бүрэн бионик” хиймэл эрхтэн хоёрын завсрын  хиймэл эрхтэн ажээ.

“Энэ нь бидний эцсийн зорилгодоо хүрэх нэг томоохон алхам юм. Хамгийн гол нь энэ хувилбар бол хямд төсөр, түүнийг богино хугацаанд практикт нэвтрүүлэх боломжтой, яагаад гэвэл түүнд шинэ хиймэл эрхтэн хийх шаардлагагүй, бид байгаа хиймэл эрхтэнийг нь зүгээр л дасан зохицуулж чадна” гэж К.Назарпур ярилаа.
О.Барс 


 



Холбоотой мэдээ