ЭХЭМҮТ энэ сард мэдээллийн цахимжуулалтад бүрэн шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-09 09:52:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол Улсын 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамжийг нийлүүлнэ.

Энэхүү төслийг ЭХЭМҮТ-д хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2015 оны 12 дугаар сараас нийт 437 компьютер, 25 хэвлэх төхөөрөмж, 40 гаруй сүлжээний хуваарилагч төхөөрөмж, 2 сервер компьютер, 400 цахилгаан баригч, 1 IP PBX дотуур холбоо, дизель цахилгаан үүсгэвэр зэрэг нийт 23 нэр төрлийн 1017 ширхэг тоног төхөөрөмжийн угсралт, шинэчлэлийг тасаг, нэгжид хийж гүйцэтгэсэн байна.

Цахим эрүүл мэндийн “e-Health” программ хангамжийн боловсруулалт, нэвтрүүлэлтийг хариуцан ажиллаж буй “Метронэтворкс” ХХК нь ЭХЭМҮТ-д өнгөрсөн сараас ажиллаж эхэлсэн бөгөөд тус төвийн товлолт цаг олголт, хүүхдийн ба эх барих, эмэгтэйчүүдийн амбулаторийн үзлэг, үйл онош, лабораторийн хэсэгт суурилуулснаар амбулаторийн үзлэг, эмчилгээний үйл явцыг түргэсгэж үйлчлүүлэгчдээс талархал хүртэж эхлээд байна. Тус төв мэдээллийн цахимжилтын системд энэ сард бүрэн шилжихээр ажиллаж байгаа аж.

Уг төсөл хэрэгжсэнээр салбарын мэдээллийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, үйлчлүүлэгчдийн хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангахуйц нэгдсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар дээшлэх, шаардлагагүй, давтан шинжилгээний тоог бууруулж зардал хэмнэх, эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаар эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжих зэрэг ач холбогдолтой.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ